"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл"-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл"-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Тус хорооноос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоол баталлаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлээр дараах саналыг хүргүүлсэн болно. Үүнд:

 

Нэг. Эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар:

 

  • Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн “албадан хөдөлмөр хийлгэх” гэснийг хасч Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцийн заалтад нийцүүлэн, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх газрыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд шилжүүлэх;

 

  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 7 дахь илтгэл (2008 он), 11 дэх илтгэл (2012 он), 12 дахь илтгэл (2013 он), 13 дахь илтгэл (2014 он), 14 дэх илтгэл (2015 он)-ээр тус тус өгсөн санал, зөвлөмжийн дагуу сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн төрөлжсөн асрамжийн газар байгуулах асуудлыг 2016 онд багтаан шийдвэрлэж, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд байгаа Асрамжийн клиникт асруулж буй сэтгэцийн эмгэгтэй давхар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, тэдний хэрэгцээнд тохирсон тусгай хэрэглэгдэхүүн, туслах хэрэгслээр хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

 

  • Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харьяа “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр”-ыг зохих стандартын шаардлагад нийцсэн байранд оруулах, эсхүл шинэ байр барих асуудлыг даруй шийдвэрлэх;

 

  • Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад цол нэмэх, тушаал дэвшүүлэхэд тавигддаг шаардлагад “хүний эрхийн зөрчил гаргаагүй байх” гэсэн үзүүлэлт нэмж оруулах;

 

  • Ялтнаар хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг тогтоох асуудлыг конвенцод нийцүүлэн Хөдөлмөрийн асуудал болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулж, ялтнуудад хийсэн ажил хөдөлмөрт нь тохирсон цалин хөлсийг ялгаваргүй олгох;

 

  • Хорих ангийн байршил, дэглэмээс үл хамаарч ялтны эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангах үүднээс хорих ангийн эмнэлгийг мэргэшсэн хүний нөөц, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эм, тариагаар хүрэлцэхүйцээр хангах, стандартад нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх;

 

Хоёр. Цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийн талаар:

 

  • Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ тайлбар, мэдүүлэг өгөх бүрт байлцах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бүх үе шатанд шинэ нотлох баримтыг гаргах, түүнийг хавтаст хэрэгт заавал хавсаргадаг байх, шаардлагатай гэж үзсэн гэрчийг  шүүх хуралд оролцуулахыг шаардаж, урьж оролцуулж мэдүүлгийг сонсох, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч заавал шалгаж шийдвэрлэдэг байх, шүүхэд өмгөөлөгчийн шинээр гаргасан нотлох баримтыг үнэлэх, хэлэлцэх журмын зохицуулалтыг Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгаж, өмгөөлөгчийг мэтгэлцээний эрх тэгш субьект байх зарчмыг тууштай хэрэгжүүлэх;

 

  • Шүүгдэгчийн цагдан хорих хугацааг олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэг мөр болгон зохицуулах;

 

  • Улсын өмгөөлөгчийн орон тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа Хууль зүйн туслалцааны төвийн одоогийн салбар бүтэц, үйл ажиллагааг өргөтгөн зохион байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх;

 

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Цагдан хорих байруудад өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ ямар нэгэн хориг хязгаарлалтгүйгээр ганцаарчлан уулзах нөхцөл боломжийг хүний эрхийн зарчим, стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх;

 

Гурав. Ахмад настны эрхийн талаар:

           

  • Ахмадуудын хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийн хамгаалалтыг хуульчлан тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулж Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах;

 

  • Төрөлжсөн асрамж үйлчилгээний газрын нөхцөлийг зориулалт, стандартын шаардлагад нийцүүлэн даруй шинэчлэх;

 

  • Ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс настны эмгэг судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламжийг шатлал бүрт өргөжүүлэн хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах;

 

  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэлмэгдэгчийн үр хүүхдэд нөхөн олговор олгоход чиглэсэн тусгайлсан зохицуулалт бий болгох;

 

Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын Хөдөлмөрлөх эрхийн талаар:

 

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтан бүрийг нэг бүрийн тусгай хэрэгслээр бүрэн хангах, одоо ашиглагдаж буй тусгай хэрэгслүүдийг сайжруулан шинэчлэх;

  

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг, оношилгоонд хамруулах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, батлах;

 

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн саналыг харгалздаггүй, түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр  сэлгэн ажиллуулдаг зохицуулалт нь  Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, албан хаагчдын эрх ашигт нийцэхгүй  байна. Иймд  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/188 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам”-д “Хорих анги болон цагдан хорих байранд үймээн самуун, эмх замбараагүй байдал гарсан зэрэг онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн саналыг харгалзахгүйгээр, мөн түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр сэлгэн ажиллуулахыг хориглоно” гэсэн  өөрчлөлт оруулах;