Өмнөх жилүүдээс хүйтэн өвөл тохиох нь алгуурхан чимээ өгсөөр өдөр ирэх тусам хүйтэрч цас их орж байна. Харин Нийслэлд хүн ам, машин тэргийн хувьд төвлөрөл ихтэй үүнээс болоод машины түгжрэл, иргэд унаж, бэртэж, гэмтэж Гэмтэл Согогийн Үндэсний төвд хандах нь ихэссэн гэдгийг дурдсаар байна.

Харин төрийн ордонд залран суух төрийн түшээдэд харагдахгүй, сонсогдохгүй байгаа бололтой. Өнөө өглөө төв зам гэлтгүй Монгол улсын зам, харгуй чигжсэн цасаар хучигдаж, явган хүний зам ч мөн адил цас ихтэйгээс зуураад явахад ч хүндрэлтэй байна.

Гэтэл Сүхбаатрын талбайн цас цэвэрлэх “2 машиныг” харсан иргэд шүүмжилж, бухимдаж цахим ертөнцөөрөө илэрхийлж байна. Хөдөлгөөн ихтэй Төв замыг цэвэрлүүлэхгүй байж төв талбайг цэвэрлүүлж байгааг ойлгохгүй, гайхах иргэд олон байна. Хамгийн гол нь их мөнгө зарцуулж байна гэх мэдээлэл ирүүлж байгаа ч иргэдийн нүдэнд харагдахгүй байгаад бухимдалтай байгаа юм. Мөн талбайн цас цэвэрлэх машин нь нэг тойроход ойролцоогоор 500 метр байна гэж бодоход 2-3 тойрход нэг км орчим Энхтайвны, Чингисийн өргөн чөлөөгөөр нэг, нэг нэвт явахад талбайг хэд тойрохтой тэнцэх зардал гарах вэ?

Зам дээр зорчиж байгаа нэг сая хүний аюулгүй байдал, талбайг хөндлөн алхаж байгаа цөөн хүний эрх ашиг хоорондоо асар их зөрүүтэй. Замын халтиргаа, гулгааны улмаас иргэд явганаас бэртэж гэмтэн хамгийн сүүлд авсан мэдээгээр 15 хувь эзэлж байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэллээ. 

Өнөө үед орсон цасаа хайлуулах гэж байна гээд давс, бодис цацдаг, хогийн шүүр, хүрзнээсээ салаагүй нийслэлтэй улс манайхаас өөр байхгүй биз. Жил бүр цас, мөсийг арилгах нэрийдлээр баахан мөнгө зарлагадан элс, давс цацдаг. Түүнийхээ оронд хэд хэдэн цас цэвэрлэх машин авчихаад цас орсон даруйд нь цэвэрлээд байвал нийслэлд халтиргаа гулгаа бага үүсэх нь дамжиггүй. 

Орон сууцны хороолол болон гэр хорооллын замын цэвэрлэгээг тухайн дүүрэг болон СӨХ-үүд нь хариуцдаг. Харин аж ахуй нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрын халтиргааг цэвэрлэдэг. Аж ахуйн нэгж, СӨХ, дүүрэгт анхааруулгат “Тухайн аж ахуйн нэгжийн талбай дээр хүн халтирч унаад гэмтсэн тохиолдолд тухайн байгууллагаар хохирлоо төлүүлдэг. Үүнийг байгууллагууд мэдэх учир ойр орчмын цас, халтиргаа гулгаа үүсэх аюулаас сэрэмжүүлж, цэвэрлэдэг болсон нэг үеэ бодвол.

Харин дүрэм, журам гаргаж, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг шахаанд оруулж өр төлбөрт оруулах дуртай дээдсүүд өөрсдөө ажил болгохдоо дэндүү хойрог хандаж байна. Жолоочийн хариуцлагын даатгал гэж иргэдийн амь нас, эрүүл мэнд гэсэн хэрнээ замын цасыг цэвэрлэх тал дээр яагаад хойрог хандаад байна. Иргэд төр, засгийг торгох дүрэм, журам, хууль гаргах тал дээр санал гаргавал дэмжих хүн олон л байх болов уу.

Хүний амь нас, эрүүл мэнд, машины гулгасан дугуйгаар шийдэгдэж байна гэхэд “хэлсдэхгүй” байх. Эсвэл энэ талбайг хамгийн түрүүнд цэвэрлэх журам заавар захирамж тушаал байна уу? Шаардлагатай юм бол жанжны талбайг оюутан, цэрэг, иргэдийн хүчээр, харин Зам дээрх цасыг энэ техникээрээ цэвэрлэх нэн тэргүүнд тавигдах асуудал юм.

 М.Буянжаргал