2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр мөнгөн ус тээвэрлэж явсан Орос, Монгол залуус саатуулагдсан хэрэг гарсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байхад дахин мөнгөн усны хэрэг гарлаа. Тодруулбал, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт приус20 маркийн машинтай этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна. Өмнөговь аймгийн харъяат Б гэгч нь 40 кг мөнгөн ус тээвэрлэж явсан бөгөөд түүнийг саатуулаад байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна. Мөнгөн усыг зөвхөн тусгай зөвшөөрлөөр ААН байгууллага хяналтан дор  хэрэглэдэг. Учир нь мөнгөн ус хүн, амьтны эрүүл мэнд, амь насанд хүрэх химийн бодис тул гар дээрээс шууд худалдаалах нь хориотой байдаг.

Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж байсан этгээдэд Эрүүгийн хуулийн 2141.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн   2141 дүгээр зүйл Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих тухай заасан байдаг. Тодруулбал, 2141.1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

40 кг мөнгөн ус нь нийслэлийн агаар, хөрсийг бүхэлд нь хордуулахаар хэмжээ юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага сонор сэрэмжтэй ажиллаагүй  бол та бид эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байсан. Тиймээс хууль бусаар мөнгөн ус тээвэрлэх, худалдахгүй байхыг иргдэд анхааруулж байна.