Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас сэжигтнээр татсан тул мэдүүлэг өгөх зарлан дуудах бичиг илгээсэн талаар бид мэдээлсэн. Үүний дагуу Н.Алтанхуяг 16 цагийн орчим АТГ-т ирсэн. Тэрбээр тайлбар өгөхөөсөө өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн.  Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

 

Н.Алтанхуяг: “Өнөөдөр 14 цагийн орчим зарлан дуудах бичиг ирсэн.  Тэгээд би одоо ирж байна. Хэд болж байна?

- 16:30.

Юу болчив гэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нилээн юм болох юм шиг байна. Хоёрт, эртээд нэвтрүүлэгт орж, Монголын нийгэмд болохгүй байгааг, Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэт, Соут гоби сэндс гэх мэтээр  Монголын хамаг баялагийг тэр дундаа  цөөн хүн сорчлоод завшаад байна гээд хэлчихсэн чинь энэ Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл их л амь тавьж байгаа бололтой юм. Цөөхөн хоногийн дотор 3-4 эмэгтэй хүнийг шоронд хийлээ. Өнөөдөр намайг ир гэлээ. Би ирж байгаа юм.  

Ер нь бол манай Ерөнхийлөгч болон түүний бий болгочихсон хууль, хяналтын байгууллага дотор нэг хонгил байдаг гэж би 4-р сард хэлж байсан. Тэр хонгил руугаа шахаж оруулах гэж их олон жил оролдож байгаа л даа.  Ерөний сайд байх үеэс л элдэв зохиомол хэрэг үүсгэж байсан.  Сая манай ойр хавийн хүмүүсийг барьж хийгээд тэд нартайгаа холбогдуулж тэр зохиомол хэрэгт  оруулж байгаа байх. Үүнд нэг их айж ичээд байх юм байхгүй ээ.  Ер нь үнэн мөн хэзээд ялна гэж бодож байгаа.  

Би хоёр зүйлд харамсч байгаа.  Намайг эртхэн дуудаж авчраад асуучихгүй заавал  орй хавийнхан, Гансүх,  Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шоронд тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү хамаатнуудыг хүртэл  шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй.  Намайг тэр шорондоо хийчихээд  тэр хүмүүсийг  гаргах цаг нь одоо болсон байх  гэж бодоод ирж байгаа юм.

Хоёр цагийн өмнө мэдэгдээд жоохон давчуу л ирлээ. Н.Алтанхуяг ирсэнгүй гэж шалтаглах янз бүрийн юм хайсан байлгүй.  

Төгсгөлд нь би нэг юм хэлчихье.  Ер нь Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос ардчиллын төлөө явсан.  Ц.Элбэгдоржийн үгэнд заавал орох ёстой.  Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог ийм ардчилалын төлөө би яваагүй. Би хоёрхон сонголттой ардчилал байж болохгүй шүү ард түмэн минь ээ.  Ер нь бол Ц.Элбэгдоржийн үгэнд ч ормооргүй байна. Улс орныхоо төлөө зүтгэмээр байна.  Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэлдэнэ.