О.Баасанхүү Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй байна
2016/12/02
УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН амжилт муутай оролцож, тус намаас УИХ-д нэр дэвшигчдээс ганцхан О.Баасанхүү сонгогдож, парламентад нэг суудалтай болсон билээ.
УИХ анхдугаар чуулганаа хийж, шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөх өдрийн үүрээр түүний гэрт МАН-ын нэр бүхий дөрвөн УИХ-ын гишүүн ирж, МАХН-аас гарч, МАН-д элсүүлэх тохиролцоо хийхээр завдсан тухай О.Баасанхүү нэгэнтээ өгүүлж байсан нь бий. Тэрээр хэдийгээр уг саналыг хүлээж аваагүй боловч МАХН-аа удирдах хүсэлтэй байгаагаа ил шулуун хэлэх болсон юм.
Өнгөрсөн намраас л МАХН хурлаа хийж, УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах ёстой хэмээн мэдэгдэж байсан бөгөөд өдгөө ч энэ бодлоо орхиогүй бололтой. Тэр бүү хэл Н.Энхбаяраас хамаарахгүйгээр нийт 1206 гишүүн оролцуулсан МАХН-ын их хурал гэгчийг зохион байгуулахаар ажилдаа орсон аж. Мөн Х.Баттулга, Н.Алтанхуяг нарт МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санал тавьжээ.
Ер нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд намынхаа албан ёсны дарга болсон ч эс болсон ч МАХН-ыг удирдах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн бөгөөд хэрэв Н.Энхбаяртай үл ойлголцвол намаасаа гарч, МАХН-ыг парламентад суудалгүй болгох эрх бий. Энэ эрх л түүнийг ийн дураараа аашилж, Н.Энхбаяраас хамаарахгүйгээр МАХН-ын их хурлыг хүртэл хуралдуулахаар төлөвлөхөд нөлөөлж буй билээ.
П.Энхмандах
sonin.mn
Зочин · 2016/12/02
turuunii boos tolgoidoo gej...