ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А-24 дүгээр тушаалаар баталсан ХХААХҮЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал  өнөөдөр /2016.12.07/ боллоо. Зөвлөлийн хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ҮАБЗ-ийн ажлын албаны  ХХАА-н асуудал хариуцсан референт Д.Энхмаа, БСШУЯ-ны  ШУТБГ-ын ахлах мэргэжилтэн, доктор профессор  Г.Сувдаа  болон бусад албаны хүмүүс оролцов.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан  Шинжлэх ухаан технологийн салбар зөвлөлийн энэ удаагийн хурлаар салбарын бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийн талаар хэлэлцсэн юм.

Хурлыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрбээр “Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор ХХААХҮЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах дүрэм шинэчлэгдэн батлагдсан.  Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг ХХААХҮ-ийн салбарын  өнөөгийн төлөв байдал, мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэх, мэдлэгийг баялаг болгох асуудлын талаар манай салбар зөвлөл үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж буй энэ цаг үед мал аж ахуй, газар тариалан эрхлэх арга барилаа улам боловсронгуй болгож, мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулж, түүхий эд бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд түргэн оруулах, гадаад зах зээл рүү чиглэсэн, малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, экспортлогч орон болох чиглэл рүү явах цаг болсон. Шинжлэх ухаан болон, технологид суурилсан үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж улс эх орны хөгжил ирэх тул мэдлэгийг баялаг болгох үндэсний тогтолцоог сайжруулах асуудал төр, засгийн бодлогын цөм байх ёстой юм. Цаашид инновацийн төслийг хэрэгжүүлэх болон инновацийн гарааны компаниудыг дэмжин хөгжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх, түүнээс ашиг хүртэх орчин нөхцөл тогтолцоог бүрдүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгаа, хөгжлийн ажлыг салбарын яамны бодлого, зорилт, чиг үүрэгтэй нягт уялдуулах, тогтолцоог сайжруулах хэрэгтэй байна” гэдгийг онцлон хэллээ.