"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах бусдад зодуулсан хэрэгт өмгөөлөгч Г.Батбаяр ажиллаж байгаа билээ. Тэрбээр ажил үүргийн хүрээнд ОХУ-ын элчин сайдын яамны төлөөлөлтэй уулзсан. Энэ уулзалтын талаар олон мэдээлэл гарч байгаа тул өмгөөлөгч  Г.Батбаяр ОХУ-ын элчин сайдын яамд хандан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.

                                                   

МХХ-ны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие ЭБШХ-ийн 41-р зүйлд заасны дагуу, хохирогч С.Амармандахын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байна.

 2016.11.22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний үеэр үйлдэгдсэн эрүүгийн гэмт хэрэгт холбоотой гэгдэх этгээдийн дипломат эрх ямба, дархан эрхийг Монгол Улсын Олон Улсын Гэрээ, Дипломат Харилцааны Тухай Венийн Конвенцийг баримтлан түдгэлзүүлж өгөх тухай хүсэлт гаргасан. 2016.12.05-ны өдрийн 13 цагийн орчим хүсэлтийг гардуулах явцад танай яамны эрх бүхий албан тушаалтнууд МУ-ын жирийн ард иргэд биднийг албан тушаалын хүнд суртал, эс үйлдэхүй гаргалгүй хүлээн авч уулзан, хүндэтгэлтэй хандан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн явдалд хохирогч болон түүний төрөл төрөгсөд ард түмний зүгээс туйлын талархалтай баяртай байсан. Болсон үйл явдлын талаар та бүхний баримталж байгаа байр суурь ямар байгааг мэдэхийг хүсэн хүлээж байгаа ард түмэндээ нээлттэй ил тод, шударгаар, баримт түшиглэн илэрхийлсэн. Гэтэл та бүхэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн зарим хэсэгт буюу “... ОХУ-ын Элчин сайдын яам... уучлалт гуйсан ... Путин анхаарал хандуулсан ...” гэсэнд туйлын гомдож, цахим орчинд албан бус мэдэгдэл гаргасан байж болзошгүй байна. Уулзалтын үеэр ОХУ-ын Элчин Сайдын Яамны Консулын Хэлтсийн дарга Горячев Валадимир Владимировичийн “... манай яамны албан тушаалтан уг хэрэгт холбоотой эсэхээс үл хамаарч, хүн чанарын хүрээнд МУ-ын иргэн С.Амармандахын эрүүл мэндэд хохирол учирсанд гүн харамсаж байна..танай гадаад харилцааны яамнаас албан тоот ирүүлсэний дараагаар өөрийн  ажилтаны эрх ямбыг түдгэлзүүлэх эсэх талаар таны хүсэлтийн хариуг хүргүүлнэ...диполомат ажилтаны гэм бурууг шүүх л зөвхөн шийдвэрлэнэ...шүүхийн шийдвэр гарсаны дараа уучлалтын тухай асуудал яригдана...” гэж танай орчуулагчийн хэлж ярьснийг сонсож би өөрийн ойлгосноор бусдад мэдээлсэн байна. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН З.1.”Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ...” гэсний хүрээнд та бүхэн болж буй үйл явдлын талаар хэвлэлийн мэдээлэлд тулгуурлан яаран сандран үнэлэлт дүгнэлт өгч, миний болон үйлчлүүлэгчийн маань талаархи байр сууриа нотлох баримтгүйгээр илэрхийлж үл ойлголцох байдал үүсгэхгүй байхыг хүсэж байна. Монгол ардын зүйр үгэнд “..чих худалч, нүд үнэнч” гэсэн байдаг.

Цаашид та бүхнийг хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа болон хууль сахин биелүүлэх, гэмт этгээдэд хариуцлага оногдуулах, эрүүл мэндийн хохирол барагдуулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 8.2 “ ...Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ...” гэж заасны дагуу Оросын Холбооны улсын ард түмэнд танай яамны ажилтаны гаргасан гэм буруу хамааралгүй юм.

Та бүхэн 2016.12.05-ны өдрийн өмнө нь гаргасан хүсэлтийн хариуг нааштайгаар шийднэ гэдэгт итгэлтэй байна." гэжээ