"Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал”-ын судалгааг "Азийн сан”, "Сант марал” төв хамтран хийжээ. Өнгөрсөн есдүгээр сард явуулсан уг судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 330 аж ахуйн нэгж, компанийн менежер, удирдлагууд хамрагдсан байна. 

Бизнес эрхлэгчид хамгийн их авлигад өртсөн байгууллагуудаар татварын алба, мэргэжлийн хяналтын газар, гааль, кадастрын алба, Засгийн газрын худалдан авах ажиллагааны алба, цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Гадаадын иргэн, харъяатын газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Ашигт малтмалын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг төрийн байгууллагуудыг нэрлэжээ. 

Мөн үйл ажиллагаанд нь хүндрэл учруулдаг байгууллагуудаар мэргэжлийн хяналтын газар, кадастрын алба, цагдаагийн байгууллага, татварын алба, гааль, хот тохижилтын газар, орон нутгийн захиргааг онцолсон байна.

"Азийн сан”, "Сант марал” төв хамтран жил бүр ийм судалгаа явуулдаг. Авлигад хамгийн их өртсөн байгууллагаар бизнес эрхлэгчид, иргэд 2006-2011 онд газрын алба, гааль, уул уурхай, шүүх, цагдаа, парламентийг нэрлэж байжээ. Түүнчлэн 2012-2013 онд газрын алба, уул уурхай, мэргэжлийн хяналтын газар, 2014 онд газрын алба, уул уурхай, шүүх, гаалийг авлига авдаг гэж дүгнэж байсан бол 2015 онд газрын алба, улс төрийн намууд, уул уурхай, Засгийн газар, УИХ авлигад өртөмтгий гэж үнэлжээ. 

2015, 2016 оны дээрх судалгаанаас харахад иргэд шүүх засаглалыг авлигаас ангид хэмээн хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн шинэтгэлийн бас нэгэн үр дүн юм.