Шилдгээр тодорвол шившигт унах жил шүү улстөрчид өө!
2016/12/12
Хаврын синдром гэдэг шиг жихүүн өвлийн синдром монголчуудад нүүрлэсээр уджээ. Энэ синдром хямралтай жилийг ч алгасдаггүй бололтой.
Жил бүрийн сүүлчээр Монголоор дүүрэн цэцэг, жааз барьсан шилдгүүд тодорч, патиараа татуулдаг синдромыг л өвлийн синдром гээд байгаа юм. Арай өөрөөр шилдгүүдийн синдром ч гэж нэрлэж болох.
Ер нь монголчууд шилдэг байх, шилдэг болох их дуртай. Байгууллага, албан газрууд шилдэг ажилтнаа өргөмжлөхөөс эхлүүлээд цэцэрлэгийн балчир жаалууд, таяг тулсан өвөө эмээ нар хүртэл шилдэг, мундгаа дуудуулж байна гэхэд хилсдэхгүй шахам. Улстөрчид бол бүр утгаа алдаж байгаа юм. Нөгөө хямрал, завхрал хаана байгаа юм л гэмээр баахан гайхамшигтай удирдагч, шилдэг тууштай, сайхан улстөрчид нэрлэгдэнэ. Ийм олон шилдэг, сүрхий улстөрчтэй газар Монголоос өөр энэ бөмбөрцөгт хайгаад олохгүй байх. Тэгэхээр Монгол шиг өндөр хөгжих ёстой улс баймгүй ч юм шиг.
Ноён доллар эрчээ авсан, тартагтаа тултал хямарцгааж байгаа монголчуудыгаа даапаалах мэт “Монголын шилдэг 99 улстөрчийг шалгаруулах санал асуулга” ид дундаа явна. Энэ ажлыг Монголын хэвлэл мэдээллийн Бизнес эрхлэгчдийн холбоо гэх сүржин байгууллага зохион байгуулж буй бөгөөд “ичмээр дамшиг даа” гэдэг шиг зарим улстөрчид эхнээсээ санаа нь зовниж, нэрээ татуулах хүсэлтийг гаргаад эхэлжээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шилдэг улстөрчдийн жагсаалтаас өөрийгөө хасч өгөх хүсэлтийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Улс нь ядуу байхад улстөрч нь шилдэг байна гэж юу байх вэ! Намайг энэ жагсаалтаасаа хасна уу…сайт аа! Харин үүний оронд улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг олон нийтийн санал асуулгаар шалгаруулъя?” хэмээн давхар уриалаад амжсан. Харин өөр улстөрчид Т.Аюурсайхан шиг дуугарахгүй байхыг бодоход шилдгээр шалгарч, шившигт унахаас ч буцахгүй л яваа бололтой. Хямралаас их юмгүй энэ жил шилдэг улстөрч хэмээн шалгараад, хөөрцөглөн очиж өргөмжлөл авах авах улстөрч гарвал монголчуудын хөх инээд хүрэх буй за.
Мэргэжил нэгтнүүдийнхээ өмнөөс ичих шиг. Манай хэвлэлүүд оны шилдэг улстөрч, мундаг гишүүд дарга нарыг хуудас хайрлахгүй магтаж, шалгаруулах дуртай. Нөгөө л хэвлэлийн баатрууд болсон улстөрчдөө жилийн турш л өнөө цагийн хямрал, завхралын гол эзнээр дуудаж, дуудчихаад одоо хэр зэрэг шилдэг сайхан Монгол улсыг хямрааж, монголчуудын хулхин дээр цэцэг ургуулж байгааг нь шалгаруулаад байгаа юмуу гэмээр. Одоо бүр олны таашаалд нийцсэн залуу улстөрч зэрэг сайхан үгсээр сэтгэл уярам нэрлэх болж. Магадгүй ирэх жилд тууштай, таашаалтайгаас гадна юу юу ч гэх юм бэ дээ. Бүр утгаа алдаад оны шилдэг секси, шилдэг сельфич, шилдэг түгжилч улстөрч зэргээр шалгаруулахад лав гайхах зүйлгүй бололтой.
Хэдхэн хоногийн өмнө тансаг сайхнаараа дэндсэн нэгэн шинэ жилийн цэнгүүн болсон нь Морин спорт уяачдын холбооны шинэ жил гэнэ. Сонгуульд улс төрийн нам болоод ороход бүрэн ялалт байгуулахаар, ялалт байгуулчихаад ч байгаа энэ холбооныхонд Монголын хамаг баячууд, томоохон улстөрчид бүгд багтдаг. Сүүдрийн парламент, Засгийн газар шиг л Монголын улс төрд нөлөөлдөг гэх юм билээ. Шинэ жилийн цэнгүүнүүдийн салхийг хагалсан Морин спорт уяачдын холбооны шинэ жил уг нь шилдэг уяач, морь унаач хүүхдүүдийг шалгаруулдаг байсан бол одоо улс төрд өнгөлж яваа, том дарга нарыг шалгаруулдаг болжээ. Цэнгүүний хоймор гэхэд УИХ-ын дарга М.Энхболд, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн гээд томоохон улстөрчдөөр дүүрэн харагдана лээ.
Удахгүй шинэ жил болгоноор тэмдэглэдэг, Алтан сарнай гэх гоё нэртэй ч Ардын намын нэр хүндийг зохиогдох болгондоо унагадаг наадам болох биз. Төр засгийн эрхийг бүх шатандаа атгачихаад байгаа намынхан ямархуу сүр дуулиантай, тансаг тэмдэглэхийг төсөөлөхөд ч бэрх.
Ер нь ч тэгээд шилдгүүдийн цуваа тасрахгүй бололтой, бас шилдэг 50 эмэгтэй улстөрчийг тодруулж, торгон жолоогоо өргүүлэх ч сурагтай.
Улс нь хийх ажил ихтэй, асуудал нь овоорон бөөгнөрчихөөд байхад бүгд л баяр цэнгэлдээ халгиж, нэг баярын бичгээс, нэг шилэн цомны хооронд, нэг жаазнаас нөгөө гялгар талархал хүртэл хамгийн гоё дээрээ тавиад л наргиж цэнгэх хэр зохимжтой юм бэ? Фэйсбүүк, твиттер дээрээ өөрийнхөө мундгийг гэнэт мэдэж, ойлгож гайхсан хүмүүсийн цом, жааз барьж авхуулсан зураг ноёрхоно. Амьдрал дээр мундаг гэдгээ бодитоор харуулж, үнэнээр нь хүлээн зөвшөөрүүлхээс илүү цаасан дээр хоосон сүржигнэл, цуу гавъяагаар өөрийн оршихуйг мэдэрнэ гээч ийм л эмгэнэл юм. Равжаа хутагтын тэртээ он жилүүдийн өмнө бичиж байсан “Ичиг, ичиг” гэж шүлгийг манай улстөрчдөд хэн нэгэн ойрын хүн нь уншаад өгчихдөг болоосой.
Гэхдээ улстөрчдөд сануулаад хэлэхэд шилдэг болбол шившигт унахаар жил шүү гэдгийг дахин нэг сануулмаар санагдав.
POLITIK