УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-Өнөөдөр (уржигдар) ордонд арав хүрэхтэй үгүйтэй гишүүн л ажиллаж байх шиг байна. Гишүүд хаачсан юм бэ. Байнгын хорооны хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдаж ч чадахгүй юм?

-Аадар бороо орохын өмнө шороо босож байгаад хэсэг нам гүм болдог. Нийгэм яг тэр үе дээрээ байна. Энд суларч доройтож байхад гадна талдаа идэвх орж цэгцэрч чангарч байгаа мэдрэмж төрж байна. Сул улсууд төрд зай бөглөснөөс ийм идэвхгүй нам жим харагдаж байгаа байх.

-Их хурлын гишүүд төдийгүй иргэд ч гэсэн нийгэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх тухай ярьж байна. Хэн, хэзээ өөрчлөх юм бэ. Оролдлого харагдахгүй байна шүү дээ?

-Надад нэг болгоомжлол төрж байна. Түмэн олон босох вий дээ. Энэ сул, дорой байгаа байдал, өөрөөсөө өөрчлөгдөхийг хүсдэггүй, монгол ёс жудаг, төрт ёсыг ухаарахгүй гишүүд олонхи нь байна. Яг энэ хэв маягаа өөрчлөхгүй л бол нийгмээрээ босох хэмжээнд хүрэх аюул бий. Энгийн бай, түмэн олон дотроо ор. Хорвоо ертөнцөөс өгөгдсөн хувь заяаныхаа бэлгэ тэмдэг дээл хувцаснаасаа өгсүүлээд монгол үндэсний язгуур зүйлээ дор бүрнээ сэргээ гэж олон санууллаа. Яг энэ хэв маягаараа цааш алхах гэж оролдвол хүссэн ч, эс хүссэн ч тогтолцооны өөрчлөлт рүү явна.

-Монгол дээл өмсөж, уламжлалт монгол ахуйгаар амьдарснаар улс орны нийгэм, эдийн засаг сайжрахгүй биз дээ?

-Монгол газар шороон дээр монгол ёс сэргэж байж л бүх зүйл голдрилдоо орно. Би 2007 оноос хойш үндэснийхээ ёс заншлыг сэргээе, авч үлдье, эх оронч үзлээ сэрээе, газар нутгаа хамгаалъя гэж ярьж үлгэрлэсээр ирлээ. Энэ бол Монголоо аврах хамгийн зөв тулгуур том бодлого. Харин өнгөрсөн 26 жилийн турш аль болох монгол гэсэн бүх зүйлийг хорлож үгүйсгэж, үнэт зүйлс бүхнийг маань доройтуулчихлаа. Ийм төрлийн хүмүүс бодлоо цэгцэлж, өөрчилж чадаагүйгээрээ цаг үеэсээ сэтгэлгээний хувьд хоцорч байна. Хүн төрөлхтөн байгальлаг ухаан руу орж байна. Гэтэл зарим нь байгальлаг бус шуналлаг амьдрал руу зүтгээд байна. Өөрсдөө бүтээж хийдэг, ажил хөдөлмөрлөг бус мөнгөний төлөөх уралдаан руу л яваад байна. Энэ гарцыг олж харж буй маш олон улс байгаа. Суурин иргэншилтэй, залхуурсан байдалтай амьдралаас дэлхий ертөнц зугтааж эхэллээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трамп “Чингис хааны ухааныг олж монгол мэдрэмжээр дэлхийг авч явахгүй бол дэлхий өөрөө гацчихсан байна. Хамгийн хүчирхэг гэж яриад байгаа Америк улс гэхэд олон улсын үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Бидний хийсэн аян дайн дандаа бүтэлгүй болж байна. Гэтэл Чингисийн баатрууд эх дэлхийгээ нэг болгож чадсан. Тэр ухааныг судлахгүй бол дэлхий урагш явахгүй нь” гэж байна. Энэ юуны дохио вэ. Монголын цаг ирсний дохио, биднийг дэлхий тэр чигээрээ харж хүлээж байна. Монгол баатрууд тухайн цагт гол ус бузарлаж, суурин сахиж амар хялбарыг хайж залхуурч буй хот балгасыг тарааж тал нутагт нь хөөж гаргаснаар эх дэлхийгээ амрааж аварч байсан бол одоо бид мөн л оюун сэтгэлээр байлдан дагуулах мөч иржээ. Эцэг дээдсийн гэрээст ч “Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтох тэр цагт мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэнэ” гэсэн цадиг бий. Энэ цадиг өнөөдөр сэргэж байна. Үүнийг амьдралын гарц болгож дэлхийд мандуулъя гэж ярьж, зүтгэж байгаад гол утга учир энд бий. Хүссэн ч, эс хүссэн ч энэ зүйл рүү монгол цаашлаад дэлхий тэр чигээрээ орно. Энэ зүйл дээлнээс эхэлсэн. Дотроо ч, гаднаа ч мөн Монголоо бий болгож нөмөрч явах ёстой. Дэлхий оюун санааны хувьд Монгол руу ирж байна. Харин бид эсрэгээрээ Монголоосоо зугтааж байна.

-Та УИХ-ын гишүүн болсноос хойш хагас жил болчихлоо. Энэ хугацаанд төрийн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Ер нь шинэ парламент ямар түвшинд ажиллаж байгаа вэ?

-Жинхэнэ зөвөөр ёсоо дагадаг, дагуулдаг, уриалдаг, ажил хөдөлмөрт үлгэрлэдэг төрийн байлдан дагуулалт алга. Монголд төр байхгүй болжээ. Миний ярьж буй үзэл дээр зургаа, долоон гишүүн нэгдвэл хурдан эргүүлэх боломж бий. Харин яг өнөөдрийн мөнгө, намд баригдаж торлогдсон сэтгэл зүй энэ чигээрээ үргэлжилбэл түмэн олон багалзуурдаж, тасдаж шидэх хэмжээнд очих байх. Би ийм зүйл мэдэрч, харж, санаа чилээж байна. Энэ ордон дотор багачуул нь томилгоотой зууралдаад зодолдож байна, томчууд нь Ерөнхийлөгчийн сонгуулийг харчихсан хэмхэлдэж байна. Түмэн олныхоо хүсээд байгаа зүйлийг хийж зохион байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдаасаа авахуулаад тархиа хага савуулж, мөчөөрөө тасдуулах нь ойлгомжтой дүр зураг харагдаж эхэллээ. Их олон анхаарууллаа. Яагаад ч үг хүлээж авахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Маш муу, туйлын муу гэсэн үнэлгээ өгнө.

-Та олон л асуудлаар гишүүдтэй санал бодол солилцож байгаа байх. Үзэл бодол нэгдээд ажиллах гишүүд байна уу?

-Нам, зоосны төлөө биш Монголын төлөө зүтгэх тэр хүмүүсийг би хүлээж байна. Гэхдээ надтай нийлсэн, нийлээгүй ганц дайчин ганцаардахгүй гэдгээр цааш явсаар байх болно.

-Харин ч ганц дайчин ганцаарддаг юм биш үү. Ялангуяа УИХ-д. Жишээ нь та тойргийнхоо сонгогчдын асуудлыг УИХ-аар шийдүүлж чадах уу?

-Нийгмийн оюун санааг цэвэршүүлж зөв үнэн зүйлд уриалан дуудах талаас ажлаа явуулах болохоос биш шийдэх, шийдүүлэх гэсэн асуудал тэр хойно яригдах зүйл. Данс нь хувхайрчихсан, бүгд хулгайлаад гадаадад нуучихсан төрөөр юуг ч шийдүүлэх вэ дээ.

-Сонгогчидтойгоо уулзсан уу?

-Уулзаж байна. Яриа таниулга их хийж байна.

-Эдийн засаг хэцүү байна. Цаашид сэргэх гарц харагдаж байна уу?

-Энэ маягаар байвал сэргэлт байхгүй. Сэтгэлгээний өөрчлөлт хийж, ёс заншлаа сэргээгээд ажил хөдөлмөр рүү эвлэлдэн нэгдэж зүтгэхийг хүсвэл хамгийн том гарц тэр. Зөв зохион байгуулалт, сэтгэл л хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүд хулгай хийж болоод байхад би яагаад дуулж болохгүй гэж гэсэн байна лээ. Яагаад ингэж хэлсэн юм бэ. Гишүүдийг хулгай хийсэн гэх баримт байгаа юм уу?

-26 жилийн турш хулгай хийснийг бид ч мэдэж байна. Тэнгэр ч мэдэж байгаа. Бүгд мэдэж байгаа. Захаасаа нэгнээ барьж идээд, гэсгээгдээд эхэлж байна. Муу үйл заавал илчлэгддэг. Харин миний дуунууд өнгөрсөн хугацаанд дэндүү гэгээн мөр татуулж ирсэн. Хүмүүс өнөөдөр төрд өөрийнхөө хувийн байгууллагыг тордож мөнгө идэж, хар түүх бүтээх гэж орж ирдэг бол Жавхлан үнэнийг тунхаглаж, дуутай хууртайгаа, үлгэрлэж дагуулахаар, цагаан түүх бүтээхээр Монгол төрд орж ирлээ.

-Таныхаар бол яаж сэргээнэ гэж. Монгол ахуйгаа дээдлээд дээл өмсөөд байвал улс төр, нийгмийн тогтолцоо зөв болох юм уу?

-Үндсэн хуулиа өөрчлөх замаар ёсоо дээдэлдэг, ясаа хүндэтгэдэг, усаа хамгаалдаг, эх орноо хайрладаг залуус Монголын төрд эзэн суух цаг ирсэн. Тэгэхгүйгээр ёсоо мартчихсан, усаа хамгаалдаггүй, эх орноороо бахархах биш амин хувь үзлээр зарж хувааж идэж буй булхай хүмүүс бүхий төрт улсад байна. Жинхэнэ монгол төрт ёс үгүйлэгдэж байна. Хүн бүр дор бүрнээ үүнийг ухаарч өөрөөсөө өөрчлөгдөх ёстой. Тархиа 100 хувь өөрчлөх ёстой. Хоосон шаазан аяга, ганц нэг шил архи, атга гурил, цаг тооны бичиг, гуулин бурхан усан амлалтаар Монголын алтан төрийг сольж болдоггүй юм байна гэдгийг түмэн олон эрх биш анзаарч ухаарч байгаа байх. Түмэн олонд шавхрууг нь шидчихээд Монголын төрөөр яаж самарч тоглож болдгийг хангалттай харлаа. Одоо болсоон.

-Мэдрээд залуус үй олноороо гадагшаа дүрвээд байх шиг байна.

-Их нь ичиж бага нь уйлахын үлгэр бодижиж байна. Ихэс дээдэс нь олон түмнээ харах нүүргүй боллоо. Сэтгэлээ, үрсээ энд эх орондоо орхиод харийг зорино гэдэг бол эмгэнэл. Элэг бүтэн байх гэдэг бол халуун бүлээрээ гэр орондоо хамтдаа байхыг хэлдэг. Ингэж энэ олон өр, элгийг бэтгэрүүлж салгана гэдэг маш том нүгэл, хар түүх. Монголын ач үрсийг өвтгөж зовоож өнчрүүлсний хариуд Ерөнхийлөгчөөсөө өгсүүлээд гэсгээл амсана. Ямар үйлийн үр тарина, түүнийгээ хүртэх нь хорвоогийн хатуу хууль.

-Энэ бүхнийг УИХ-д сууж байгаа хүмүүс зөв бодлогоор засахаас өөр аргагүй. Жишээ нь та гишүүн болсноосоо хойш ямар хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Иргэний даатгалын хуулийг бий болгох судалгаан дээр чамбай ажиллаж байгаа. Үүнийгээ боловсруулаад гаргаад ирэхээр "Аан, хууль гэдэг чинь ийм байх ёстой юм байна. Олон түмэн нь ингэж хүлээж авдаг юм байна. Үүнийг жинхэнэ зөв төрийн бодлого гэдэг юм байна" гэдэг жишгийг төгс харуулна. Өнгөрсөн 26 жилийнх шиг алаг цоог, амьдралд хэрэгждэггүй, олны нуруунд дарамт ачаа болдог, сулбагар усан хууль санаачлахгүй. Хүн зонд дэм болдоггүй хууль нэртэй эрээн цааснаас хэрэггүй юм алга. Нөгөө талаасаа бүтээхийн тулд сөнөө гэдэг үг бий. Би энэ тогтолцоо, буруу хэв маягийг арчиж арилгахын төлөө зүтгэж байна. Худлаа хоосон цаас барьж гүйдэг, боловсролтой царай гаргадаг мөртлөө гудамжинд гараад нэг ч хүний үнэн үг сонсож, мэдэрч санаандаа авдаггүй хүмүүсээс ямар хууль гарах юм бэ дээ. Монгол хүний сэтгэл зүрхэнд хадаастай байх наад захын хуулийг дагаж дээлээ өмсөж чадахгүй оюуны тураалд орсон сэтгэхүй дотор би ямарваа нэгэн бодлого боловсруулъя гэхийн оронд түмэн олондоо хандаж зөв үзлээ түгээгээд явж байх нь хамаагүй илүү байна. Явах замд нь бүү саад бол гэдэг шиг мэдрэмжгүй удаан хүмүүсээс залхаж байна.

-Тэгэхээр ойрын хугацаанд ямар зүйл дээр голлож ажиллана гэсэн үг вэ?

-Эхний дүнд эх оронч үзэл, зөв монгол сэтгэлгээг түмэн олондоо дараалалтайгаар хэлж уриалж түгээнэ. Дараа дараагийн алхмууд тод харагдаж байна. Цаг хугацаа аяндаа харуулах биз.

-Засгийн газар төдийгүй Их хурлын гишүүд гаднаас мөнгө олж ирэхгүй бол эдийн засаг үнэхээр хүнд байна шүү дээ. Та энийг мэдэж байгаа биз дээ?

-Дахиад л нөгөө цаас шүү дээ. Хүний амьдрал хэвлэсэн цаасан дээр тогтдог юм уу, хичээсэн хөдөлмөр дээр тогтдог юм уу. Монголчууд хичээж, хөдөлмөрлөж эвлэлдэн нэгддэг байсан цаг үедээ хэнээс ч гуйхгүйгээр амьдардаг байжээ. Хөрс нь үржил шимтэй, таван тансаг малын буян хишиг маань биднийг ивээж тэтгэж байдаг. Газар ус, тэнгэр нь хүртэл харж ивээж байдаг. Ийм сайхан бурхан бумбын оронд төрчихөөд гадаадад хэвлэсэн ногоон цаас гуйгаад явж байна гэдэг залхуурал, шуналдаа идэгдсэн хүмүүсийн л хийх ажил.

-Өөр тэгээд яана гэж. Ямар боломж байгаа юм бэ?

-Бид 30 жилийн өмнө 6000 төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй дэлхийн 50 гаруй оронд арилждаг байж. Гэтэл өнөөдөр дөнгөж 300 хүрэхгүй төрлийн бүтээгдэхүүн эд зүйлсийг халтар хултар хийж байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Үүнд зөв зохион байгуулалт л хэрэгтэй. Түмэн олондоо итгэхээ болиод төгрөг цаасанд л итгэх сэтгэлтнүүд байгаад байгаа учраас урагшлахгүй байна. Ард түмнийхээ итгэлийг алдаж хөсөр хаягдчихаад өөр айл руу гүйнэ гэдэг дэндүү муухай увайгүйн шинж. Энэ бол архичин, шуналтай, зальжин, үр хүүхдүүдээсээ юм нууж иддэг, залхай, залхуу хойд эцгийн л араншин. Энэ аавыг хөөж энэ гэр орноос зайлуулаад жинхэнэ аав ах болсон сэтгэлтэй залуус Монголын төрд дуудагдаж байна.

-Та өөрөө тэр муухай аав нарын нэг болчихсон яваа биш үү?

-Хүн бүр л дотроо дүгнэх асуудал. Би хувь үзэлдээ аавын дайтай гэхгүй юм аа гэхэд сайн ах нь байя гэдэг сэтгэл надад байна. Гэвч би ганцаардаад байна. Би энэ чигээрээ Монголынхоо ёс заншил, ажилч байх тухай явсаар дуусна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг хэлэлцүүлэгт урьсан. Гэвч таны урилгыг хүлээж аваагүй. Энэ тухай Ц.Нямдорж гишүүн таныг “Эрдэнэт”-ийн асуудлыг мэдэхгүй юм чинь Жавхлантай халз мэтгэлцээд яах билээ гэж байсан. Та сонссон уу?

-Би сонсоогүй. Би халз мэтгэлцэж цэцэрхэх гэж дуудаж уриагүй юм шүү дээ. "Нээлттэй хэлэлцүүлэг"-т л урьсан. Олон түмний төөрөлдөөд байгаа асуудалд нэг байшин дотор нэгнийхээ бөгсийг ухаад тойроод гүйгээд байлгүй бүгд нүүр нүүрээ харж байгаад үнэн мөнөө яриадах гэж л урьсан. Үгийн утгаа хүртэл ухахаа байж дээ хөөрхийс. Дээрээс нь энэ асуудлыг их хурлаар нээлттэй хэлэлцэхийг булзааруулж удаашруулах замаар замхруулах гэсэн хандлага илт мэдрэгдсэн учраас би ийм арга хэмжээ авсан. Шалгаж буй шалгалт нь хүртэл удаашраад байгаа. Үнэн мөнийг л олж хүмүүст харуулъя гэлээ. Тэд ирсэн бол сайн, ирээгүй бол бүр сайн л биз дээ. Ингэх тусмаа л эдний 26 жил наана цаана ярьж асуудал шийддэггүй, худал дүр эсгэж байгаад алга болдог заль нь хүртэл илрээд сайн хүний дүр эсгэж явдаг байсан үнэн царай л бүгдээс нь харагдаж байна. Энийг чинь л драмын театр энд байна, жүжиг тавиад байна гээд байгаа юм. Ирээгүйгээрээ энэ хүмүүс сэтгэлгээний доройтолд орсноо, үгсэн нийлж хулгайд оролцсоноо, хулгайг хаацайлж буйгаа л нотоллоо гэж дүгнэж байна. Энгийн байх, сийрэг байх сэтгэхүйгүй л болж дээ. Ёмбогор омбогор загнаж, юмны хий зайгаар гүйж оноо авчихаад сэмхэн алга болох биш аливаад тууштай байхыг цаашдаа ч зогсолтгүй шаардана. Дахиад иртэл чинь олон дуудна даа. Тархин дотроо юу бодож байгааг чинь би уншиж байгаа.

-Энэ жил их л хэцүү өвөл болох нь гээд байгаа. Тантай малчин түмэн холбогдож байх юм уу?

-Зуд нэг жилийнх, заншил түмэн жилийнх гэдэг. Заншил ёсоо умартсаны хар гайгаар Монголын төр 26 жилийн турш зутарлаа. Энэ хар гайг нь эгэл түмэн нуруундаа үүрлээ. Төрийн энэ салдаггүй зуд бичин жил дуусгавар болоосой гэж ерөөе. Малчин түмэн маань цас цаг хэцүүдвэл бор зүрхээрээ давах гэж мэрийх байх. Хотын гэр хорооллуудаар хоолгүй хонож байгаа айлууд өчнөөн байна. Гэхдээ сайн цаг ирж байна хүн бүр дор бүрнээ хүсэж хичээх нь л чухал. "Хан буурал хорвоо авснаа өгдөг, Хан үндэстэн харин авснаа өгдөггүй" гэдэг. Малчдадаа хандаж хэлэхэд "зуд зулагтай" гэдэг. Малын хорогдол гарвал хан буурал хорвоо минь буцаагаад илүү ихийг бидэнд заяана даа гээд сэтгэл санаагаа өөдөө өргөж амьдраарай гэж уриалмаар байна. Урьд жилүүдийнх шигээ “Илгээлтийн эзэд” аянаа хийнэ гэж бодож байна.