Ерөнхий сайд ээлжит 30 минут уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүн өмнөд хөршид хийсэн айлчлалынхаа гол үр дүнг танилцууллаа. Энэ удаагийн айлчлалаар хоёр орны ирэх 20 жилийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээний мөрөөр хоёр орны холбогдох шатны байгууллагуудын хооронд 11 баримт бичгийг албажуулан гарын үсэг зурсан. Хятадтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анх удаа тодорхой тоо, хэмжээ ярьж тогтоолоо. Засгийн газрын түвшний яриа хэлэлцээнд шинэ механизм бий болгож, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын түвшний уулзалтыг жил бүр хийхээр тохиролцлоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Мөн 50 тэрбум ам.доллартай тэнцэх өртөгтэй нэг тэрбум тонн нүүрсийг 20 жилийн хугацаанд Хятадад нийлүүлнэ. Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулан хийн түлш гаргаад, заримыг нь Хятадад экспортолно. Өөрийн орны түүхий тосны бүтээгдэхүүн “Монгол-93” шатахууны нийлүүлэлтийг дөрөв дахин нэмж, сард 35-40 мянган тонныг авахаар боллоо. Хилийн боомтуудыг төмөр замаар холбож, хоёр орны худалдааны албан ёсны боомтын тоог дөрөвөөр нэмж, далайн шинэ гарцын талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн чухал шаардлагатай мэргэжлүүдээр өмнөд хөршид таван жилийн хугацаанд жилд 1000 оюутан сургахаар болжээ.

Сэтгүүлчид ярилцлагын дараа өөрсдийн сонирхосон асуултандаа хариулт авсныг түүвэрлэн хүргэе.

Сүүлийн үед Гэмтлийн эмнэлгийн даргын томилгооноос болж маргаан дэгдсэн. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж ярилцсан. Нэг эмнэлгийн даргыг эсэргүүцсэн асуудал Засгийн газрын хийх ажил биш. Харин энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,  оношилгоо эмчилгээг шинэчлэх  зэрэг нь Засгийн газрын хийх ёстой ажил. Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа.

-Оюутолгойн хэлэлцээр ямар шатанд явж байна вэ?
-Ерөнхийдөө Оюутолгойн асуудлаар ойлголцох тал руугаа явж байгаа. Оюутолгойн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг шинээр томилсон. Тэр хүмүүс Лондонд  хэлэлцээр хийгээд, хуримтлагдсан асуудлуудын талыг шийдвэрлээд байна. Одоо үлдсэн  асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэнэ. Хэлэлцээрээр шийдвэрлэх 30 асуудлынхаа тал асуудлыг шийдвэрлэсэн.

-Долларын ханш дахиад өсч байна. Засгийн газраас ямар нэгэн арга хэмжэ авах уу?
-Өмнө нь авч хэрэглэсэн мөнгөний нөлөө  гарч эхэллээ. Харин одоо Монгол Улсад гаднаас доллар нэмэгдүүлэх байдлаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд БНХАУ манай улсын Хөгжлийн банкинд 240 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Ингэхээр ам.долларын нийлүүлэлт өсч, ханш нь буурна гэж үзэж байна.

Х.Даваа