Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшинг бууруулах,  шинэ бүтээлч ажил, санал санаачилгыг дэмжих, цагдаагийн байгууллагын анхан шатны нэгж буюу хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаа нарын ажлын үр дүнг үнэлэх, зорилгоор “Шилдэг цагдаагийн хэлтэс, алба хаагч”-ийг шалгаруулах болзолт уралдааныг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.

Шалгаруулалтыг явуулахдаа хорооны иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, нутаг дэвсгэрийн гэмт хэргийн гаралтыг бууруулж, захиргааны зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлсэн байдал, Гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор теле хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, Сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг бүрдүүлсэн байдал, Газар доорх инженерийн шугам сүлжээний таг, нээлхийнээс үзүүлэх эрсдлийг бууруулах, Гэр бүлийн хүчирхийлэлд  өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн тоог бууруулах, тэнэмэл хүүхэд, иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулсан байдлыг харгалзан үзжээ.

Нийслэлийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас шилдэгээр шалгарсан 10 хэсгийн байцаагчийг тус бүр 4 сая төгрөгөөр, 10 шилдэг хорооны цагдаа, 3 мөрдөн байцаагч, 3 хэрэг бүртгэгч, 3 эрүүгийн төлөөлөгчийг тус бүр 3 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Хишигжаргалын Отгонзаяа нь Эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг ахиулсан байдлаараа  2 дахь жилдээ тэргүүний алба хаагчаар шалгарчээ.

Х.Отгонзаяагийн хариуцсан хорооны нутаг дэвсгэрт 2016 онд 138 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар буурч, камержуулалтыг 37 хувиар нэмэгдүүлж, орон сууцны 11, 12 дугаар байр, 1 цэцэрлэгийн гадна талд тус бүр 3  хурд сааруулагч шинээр нэмж байршуулж 21 цооногийг тагтай болгох арга хэмжээг авч ажилласан байна.

Улаанбаатар хотын цагдаагийн газраас Эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг авч ажиллаж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангахад чухал нөлөө үзүүлж байгааг сайшааж Нийслэлийн Засаг даргаас цаашид онцгойлон анхаарч ажиллахаар боллоо.