Иргэд утааны эсрэг тэмцэж, эдийн засгийн хүндрэлд хөл толгойгоо олохгүй зүтгэж байхад Төрийн ордонд улстөрийн шаал өөр тоглолт өрнөж байна. Хөгжлийн банк гэж бодож байна уу үгүй.

Энэ бол анхаарал саринаах нэг хэлбэр. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээнэ гэж байсан том үүц болсон Тавантолгойн ордыг эзэмшүүлэх асуудал юм.Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг 300 жил “тэжээнэ” гэдгийг эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг.

 Гэтэл Шинхуа Энержи компанид 49 хувийг нь эзэмшүүлэхээр тусгаж Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хэдийнэ хийгээд эхэлсэн. Гэрээ хийхээр хэлэлцээр хийж байгаа ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахалж байна. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмшинэ, 49 хувийг БНХАУ-ын Шинхуа Энержи компани эзэмшинэ гэсэн энэхүү төсөлтэй танилцсан УИХ-ын гишүүд өнөөдөр хоёр хуваагдаад байна. Монголын талын 51 хувийг эзэмшигчээр хэдийнэ тодорсон MCS группийн “Энержи ресурс корпораци” гэнэ.

Хоёр талын эзэмшигч нь тодорхой хэлэлцээр нэртэй дүр исгэсэн энэхүү захиалгат төслийг уг нь УИХ-ын ихэнх гишүүн хувь хүн, монгол хүнийхээ хувьд эсэргүүцэж байсан. Байсан гэхийн учир MCS группийн гэх Л.Энх-Амгалан гишүүний идэхтэй лоббины үр дүнд ихэнх нь санаанаасаа ухарсан гэх бор шувуу Төрийн ордонд тэнүүчилнэ. Тэгэхээр Л.Энх-Амгалан гишүүний ямархан лобби хийж гишүүдийг эргүүлж чадсан нь удахгүй ил болох биз. Тэгвэл лоббинд автаагүй зарим гишүүд Тавантолгойн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирвэл хариуг нь хатуухан өгнө гэж байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар 20-иод гишүүн өнгөрөгч баасан гарагт цуглаж энэ тухай ярилцжээ.

Тэд хэрэв Тавантолгойн төслийг оруулж ирвэл зөрүүлээд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөе гэжээ. Мэдээж энэ 20-иод гишүүд МАН-ын бүлгийнхэн. Бүлгийн байр суурь, Засгийн газрын эсрэг хөдлөнө гэдэг хэцүү. Ийм тохиолдолд намаас хөөгдөх ч багадана биз. Тавантолгойн төслийн хувь эзэмшлийн талаар тодруулбал, MCS группийн “Энержи ресурс корпорац” Монголын тал 51 хувь, “Шинхуа Энержи” компани 49 хувийг эзэмшихээр тусгажээ. “Энержи ресурс корпорац” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөлтэй.

Тодруулбал, Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд нэгдсэн олборлолт, баяжуулалт, борлуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хариуцан ажиллах төслийн компанийн 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч компанийн нийт гаргасан хувьцааны 34 хувьтай тэнцэх, энгийн хувьцаанд үл хөрвөх давуу эрхийн хувьцааг шинээр гаргаж, “Эрдэнэс Тавантолгой”-д үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм байна. Мөн энэ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх тендерийн хүрээнд хийгдэх Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хүчин төгөлдөр болж, уг гэрээг үйлчлэх хугацаанд хүчинтэй ажээ.

Түүнчлэн төслийн компаниас Монголын талын хөрөнгө оруулагч компаниуд хуваарилагдсан татварын дараах ногдол ашгаас компанийн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийн зардал, татвар хураамжийг төлж, арилжааны болон хувь нийлүүлэгчдийн зээлийн эргэн төлөлт хийгдсэний дараа үлдсэн хэсгийг компанийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр ногдол ашиг болгон хуваарилах тохиолдолд хувь нийлүүлэгчид өөрийн өмчлөлийн хувьцаанд тэнцэх хэмжээгээр ногдол ашиг хүртэх бөгөөд холбогдох татвар хураамжийг зохих хуулийн дагуу суутгуулан төлнө гэж заажээ. Эндээс үзэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК Тавантолгойн ордын 51 хувийг эзэмших Монголын талын хөрөнгө оруулагч “Энержи ресурс корпорац” компанийн хувьцаа эзэмшигч болж буй юм байна.

 

Х.Тэнгис

times.mn