Монгол улсын иргэд бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрлөх тохиолдол их. Зарим тохиолдолд хууль бусаар буюу харлаж ажилладаг. Хараар ажиллаж байх явцдаа хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол бий. Тэгвэл хуулийн хүрээнд хохирлоо нэхэмжлэх боломж байдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг сая 200 мянган вон гэж тогтоосон. Тэгвэл хараар ажиллаж байгаа гаднын иргэд үүнээс бага хэмжээний цалин авах нь бий. Ажлын байраар хангаж байгаа хүн хуулийн байгууллагад мэдэгдэх боломжгүйг далимдуулж бага цалин өгөх эсвэл хууль бусаар халдаг. Харин гаднын иргэд хохироод үлдэх нийтлэг жишиг өнөөдрийг хүртэл бий.

Хэрэв Солонгос улсад ажиллаж байхдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авч байсан, хууль бусаар халагдсан зэргээ нотлох баримт байгаа бол Монголд буцаж ирснийхээ дараа хуулийн байгууллагад хандаж хохирлоо нэхэмжлэх боломж байдаг гэдгийг сануулж байна. Хохироод 3 жилийн дотор нэхэмжлэл хүчинтэй байдаг ажээ.

Энэ талаар БНСУ-ын хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгч И Гуан Сү-ээс тодруулахад: “ Солонгост ажиллаж байгаа гаднын иргэдийн 15 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авдаг гэсэн судалгаа бий. Тэр дутуу авч байсан цалингаа нөхөж авах, хууль бусаар халагдсан нөхөн төлбөрөө авч болно. Гол нь цалин авч байсан хуулга, бэлэн авдаг байсан бол дугтуй, гэнэт халагдсан хүн халагдсан гэх тушаал нь байвал хөөцөлдөхөд амар болно.” Гэв

Тэгэхээр БНСУ-д ажиллаж байхдаа эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хэн бүхэнд боломж байгаа. Гол нь баримттай байх нь чухал гэдгийг дуулгая.