Монголын Мөсөн сурын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлт”-ийн харвааг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Туулын голын мөсөн дээр зохион байгуулагдлаа. Өвлийн идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьсон тус харваанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны харваач, Улсын мэргэн, спортын мастер М.Батгэрэл, Х.Болдбаатар, спортын мастер Н.Ганбадрал, Б.Бямбажав нарын 70 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьж цуваа харвааны төрөлд Монде багийн харваач, Улсын мэргэн Х.Болдбаатар 20 сумнаас 17 онож тэргүүн байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүлд спорт хорооны харваач, спортын мастер Е.Наранбаяр 20 сумнаас 16 онож, 2 дугаар байр, Төв аймгийн харваач, спортын мастер Д.Баттулга 20 сумнаас 15 онож, товх харваж 3 дугаар байр, Дорноговь аймгийн харваач, спортын дэд мастер М.Эрхэмбаяр 20 сумнаас 15 онож, товх харваж 4 дүгээр байр, Онцгой байдлын ерөнхий газрын Эрч клубын харваач Ганбаатар 20 сумнаас 15 онож, товх харваж 5 дугаар байр тус тус эзэлсэн. Тус харваанд хамгийн бага оносон харваачид “Хөх бух” шагналыг олгодог. Баянзүрх дүүргийн залуу харваач Д.Бямбажав 20 сумнаас 4 онож тус шагналын эзэн болсон байна.