Өсвөрийн сагсан бөмбөгчид ОХУ-д төрийн дууллаа эгшиглүүлэв
2016/12/27
ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод сагсан бөмбөгийн U10, U11 насны олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд оролцсон манай U11 насны шигшээ алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Тэд Усть-Илимск хотын багийг 16:118, Читаг 14:89, Красноярскийг 30:31-ээр хожсоноор аваргалжээ.
Сонирхуулахад манай баг тамирчид Усть-Илимск хотын багийг 16:118-аар хожсон нь хоёр дахь удаагаа болж буй тус тэмцээний хамгийн хол онооны зөрүүгээр ялсан бас нэгэн содон амжилт юм. Мөн U10 насны шигшээ бүх өрсөлдөгчөө буулган авч, түрүүлсэн байна. Тэмцээний шилдэгт 10-насны ангилалд П.Энгүүн, Б.Энхбаяр, 11-насын ангилалд Т.Төрбаяр, О.Төрболд нар манай улсаас нэрлэгдсэн байна. Дашрамд сонирхуулахад манай улсаас тус тэмцээнд дөрвөн баг өрсөлдсөн бөгөөд U10, U11 насны хоёрдугаар шигшээ баг тус бүр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ.
Ийнхүү улиран одож буй 2016 онд Монголын сагсан бөмбөгчид олон улсын тавцанд нэрээ алдраа цуурайтуулж, төрийн далбаагаа намируулсан сайхан жил боллоо. Ирэх ондоо сагсан бөмбөгчид илүү их амжилт үзүүлэх болтугай.