Монгол улсад олон жил үйл ажиллагаа явуулж байгаа  цөөхөн хими цэвэрлэгээний газрын нэг бол “Метро экспресс”. Гэвч тус газар үйлчлүүлэгчийн цэвэрлүүлэхээр өгсөн хөшгийг урж, шороо болгож, зарим газар нь цоохортуулсан  байна. Энэ талаар үйлчлүүлэгч болон “Метро экспресс”-ээс тодруулсныг хүргэж байна.  

Иргэн  Г.Б  энэ сарын эхээр  “Метро экспресс”-т тус бүр нь 1 400 000 төгрөгийн үнэтэй  таван хөшиг цэвэрлүүлэхээр өгсөн байна. Түүний хөшгийг уржигдар гэрийнх нь хаягаар хүргэж өгчээ. Гэвч хөшиг нь зарим хэсэгтээ өнгө алдсан, шороо болж урагдсан байжээ.

 

Үүнээс гадна хөшиг ийнхүү өнгө алдсан байна

 

Цэвэрлэсэн гэх хөшиг нь ийм бохир байсан. 

Сар гаран цэвэрлэхдээ ийм болгосонд иргэн Г.Б гомдолтой байгаа бөгөөд энэ талаараа “Метро экспресс”-т хандсан байна.  Тэгтэл санал гомдол хүлээн авах  утас нь холбогдохгүй байсан тул цахимаар холбогдоход дараах хариуг өгчээ.

Улмаар  гомдлыг нь барагдуулна гэж мэдэгдсэн ч хэрхэн барагдуулах тухайгаа огт мэдэгдээгүй байна. Улмаар “Гомдол барагдуулах тухай.  Таны хөшигний хэлбэр болон хэмжээнд нэг их өөрчлөлт өгөхгүйгээр янзлуулахаар хөшиг захиалгын газартай ярилцлаа.  Манай компанийн зүгээс хөшиг цэвэрлэгээний үнэнд төлсөн мөнгийг тань буцаан олгохоор шийдлээ.  Хөшиг захиалгын газар баасан гаригт бэлэн  болохоор нь таны гэрийг хаягаар хүргэж өгье” гэсэн мэйл явуулсан байна.  

Мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр бид  “Метро экспресс”-ийн менежертэй 8806.... утсаар холбогдоход: “Үйлчлүүлэгчийн зүгээс хөшиг асуудалтай байна гэхэд нь хөшгийг буцаан авсан. Одоо ахин үйлчилгээ хийгдээд бэлэн болохоор нь хүргэж өгөхөөр төлөвлөөд байна. Ямар нэг урагдсан зүйл байхгүй.Хамгаалалтын маш жижиг хуулга нь халцарсан байсан. Тэрийг бол урагдалт гэхгүй. Эдэлгээнээс үүсч байгаа асуудал байж магадгүй.  Бид бол байнгын харилцаатай байгаа.”  гэв.

Харин үйлчлүүлэгчийн зүгээс: Хөшиг маань өнгө алдаад зэвэрчихсэн юм шиг өнгөтэй болсон.  Хог болчихсон, цоорсон байгаад үнэхээр бухимдалтай байна. Хэдийгээр хохирол барагдуулна гэж байгаа ч өнгө алдсан хөшигний өнгө сэргэхгүй шүү дээ. Урагдаж сэмэрснийг жишээ нь оёлоо гэхэд үзэмжийн хувьд ямар харагдах нь тодорхой.  Олон жил үйлчлүүлсэн газар ийм хариуцлагагүй хандсанд хэлэх үг олдохгүй байна гэв.

Жич: Бид энэхүү мэдээллийг албан байгууллагын нэр төрд халдах зорилгоор бус,  сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа болно.