Иргэдийг хуурамч мэдээлэлд автахгүй байхыг Монголбанкнаас анхаарууллаа. 50.000 төгрөгийн дэвсгэрт  хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх тухай мэдээлэл огт үндэслэлгүй гэдгийг мэдэгдлээ.

Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байгаа ч ташаа мэдээлэл дахин газар авч, 50.000-тын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж буйг санаатай үйлдэл байж болзошгүй  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мэдэгдэлд, "Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг УИХ хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг эрх бүхий субьект мөн. Одоогоор Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх хэрэгцээ байхгүй бөгөөд эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд анхаарна" хэмээн онцолжээ.