Нийгмийг өөрчлөх боломж, хугацааг ард түмэн манай намд бүрэн биш ч, хангалттай өгсөн хэмээн гишүүн асан Х.Тэмүүжин хэлжээ.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойшх он жилүүдэд АН, МАН хоёр тус тусдаа ч засгийн эрхийг барьсан, эвсэж ч эрх мэдлийг хуваасан. Харин өнөөгийн Монголын нөхцөл байдал тун таагүй байгаад асуудлын гол бий. Иргэд сайхан нийгэмд амьдрахыг хүсч байна. Иргэдэд сайхан амьдрах, хөгжиж дэвших боломжийг л бүрдүүлж өгч байвал хэн сайд дарга байх нь үнэндээ падгүй билээ.

Гишүүн асан Х.Тэмүүжингийн тухайд АН ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэж хэлжээ. Тэрбээр “ АН бизнес эрхлэгч, баялаг бүтээгч иргэдээсээ уучлалт гуйх ёстой. АН-ын үзэл баримтлал иргэний санаачлагыг дэмжиж, ажилчдаа цалинжуулж, татвар төлж байгаа баялаг бүтээгчдээ хамгаалах ёстой байтал тэдний бизнесийг гацааж, булаах гэж оролдсон. Иргэнд олгогдох боломжийг төр рүү чирсэн. Бүр сүүлдээ цэргээр төмөр зам бариулахдаа тулсан. Ийм харалган бодлого явуулсныхаа төлөө уучлалт гуйх ёстой. Хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг хангана гэчихээд хэлсэн ажлаа гүйцэлдүүлж чадахгүй хувь хувиа бодсон хэрүүлд цагаа барсандаа уучлал гуйх ёстой. Бид зөв буруугаа олоод цэгцлээд цаашаа явна уу гэхээс биеэ өмөөрөөд хайцайлаад байвал урагшаа явахгүй. Улсаа босгоё гэж байгаа бол намаа шинэчил, өөрсдийгөө өөрчил. АН-ыг өнгө, гэрэлгүй болгох ажлыг МАН-ынхан хийгээгүй, бид өөрсдөө л хийсэн. Уул нь уучлалт гуйх асуудал биш, уучилж, итгэх л асуудал. Тэр дундаа гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг олж авах гэдэг хэн нь дарга, цэрэг байхаас илүү чухал зүйл. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь дахиж алдахгүй ээ л гэсэн үг. Алдаагаа засахгүй бол тэр нь алдаа биш зуршил болно.”  хэмээн хэвлэлд ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн