-УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авчихгүй бол маргааш болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь тодорхой дүр зураг харагдаж байна. Гэхдээ одоогоор АН-ын бүлгээс ямар нэгэн байр суурийг хараахан илэрхийлээгүй байгаа юм-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн улс төрийн гурван намаас сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Тэд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хэнийг нэр дэвшүүлж, ямар менежментээр ажиллах нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь, түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах эсэх асуудал улстөрчид төдийгүй олон нийтийн анхаарлын төвд буй. Эрх барьж буй МАН-ын зүгээс тус хуульд нэн яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа бол АН болон МАХН-ын зүгээс өөр, өөр байр суурийг илэрхийлж байгаа. Гэсэн ч 65-ын бүлэг нэг л өдөр хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн шигээ хүч түрэн батална гэх хардлага улс төрийн төдийгүй олон нийтийн дунд бий. Тэгвэл өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 70 гаруй саналаар санал хураасан юм. Тухайлбал, уг хуулийг дагаж мөрдөх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 16-наас байхаар санал орж ирсэн нь гишүүдийн дэмжлэгийг авлаа.
Энэ нь, "Сонгуулийн товыг 150 хоногийн өмнө зарлана, сонгуулийн санал хураалтыг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт зарлана" гэх хоног хугацаатай заалттай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Энэхүү асуудалтай холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэгдүгээр сарын 16-наас дагаж мөрдөхөөр тусгавал сайн байна” гэх саналыг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа харагдсан. Хуулийн төсөлд туссан энэхүү заалттай холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд “УИХ дахь АН-ын бүлэг энэхүү хуулийн төслөөр завсарлага авчихгүй л бол батлах боломжтой” гэдгийг хуралдааны үеэр тодотголоо. Н.Энхболд гишүүний хэлсэнчлэн УИХ дахь АН-ын бүлэг дээрх асуудлаар завсарлага авчихгүй бол ирэх пүрэв гарагт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь тодорхой дүр зураг харагдаж байна. Гэхдээ одоогоор АН-ын бүлгээс ямар нэгэн байр суурийг хараахан илэрхийлээгүй байгаа юм.