Цахим ертөнц хөгжсөн өнөө үед хүмүүс ном уншихаас илүүтэй цахим ертөнцөөр дамжуулан асар хурдтай мэдээлэл солилцдог болсон. Эдгээр мэдээлэл дунд эерэг гэхээсээ илүү сөрөг мэдээлэл давамгайлж байгаа нь харамсалтай. Өнөө үед хөгжлийг техник технологиор хэмждэг болж хурдан машин, үнэтэй утас эсвэл тансаг брендийг л шүтсээр хүн төрөлхтөн амьдрах агуулгын биш хэлбэрийн төлөө л өдөр шөнөгүй тэмцэж зүтгэсээр...

Гэтэл өвгөдийнхөө үлдээсэн үндэсний соёл, өвөрмөц ёс заншил, итгэл үнэмшилээ санаж дурсалгүйгээр бид хаа хүрэхсэн билээ? Бусдыг дагуулахдаа бус харин үнэхээр агуу суут эрдэмтэн мэргэдийнхээ бүтээсэн ном судар түүнд агуулагдах эрдэнэсийн сан мэт гайхамшигтай үнэн мэдлэгийг нүүр номын пэйжээр дамжуулан бусадтай хуваалцахыг боллоо.

Гоо Үзэсгэлэн гэж юу вэ? Гоо сайхан ертөнцийг аврах уу? Дотоод болон гадаад гоо сайхан гэж юу вэ? гэх мэт гоо сайхан эсвэл гоо үзэсгэлэнгийн тухай олон янзын асуулт бүсгүй хүний оюуныг шалгах хэмжүүр мэтээр тавигддаг болсон.

Магадгүй гоо үзэсгэлэн гэдэг хүн бүхний хувьд огт өөр ертөнц, тэс өөр үзэл байдаг болов уу?

Нэг биш нэлээдгүй олон таарч байсан энэ асуултанд мисс болж явсны хувиар биш харин аливаа зүйл нь үнэн бодит, сайтар судлагдсан, гагцхүү үнэний үндэслэлтэй байх ёстой гэсэн хатуу шаардлагийг өөртөө тавьж явдаг соёл судлаач хүний үүднээс хариулахыг хүслээ!

Биеийн гэмийг тэвчсэнээр

Үзэсгэлэнгийн цогийг бадруулсан

Хэлний гэмийг тэвчсэнээр

Галбингийн эгшгийг дуурсгасан

Сэтгэлийн гэмийг тэвчсэнээр

Үнэмлэхүй утгыг нээсэн

Цагаан Дарь Эхийн өлмийд

Цаглашгүй сүсгээр залбирмуй хэмээн өгүүлсэн байдаг нь

Бие хэл сэтгэлээр үйлддэг арван хар нүгэл байдгаас

Биер үйлддэг гурван нүглийг тэвчиж- Үзэсгэлэн төгөлдөр лагшинтай болж

Хэлээр үйлддэг дөрвөн нүглийг тэвчиж-  Яруу эгшигт хоолойтой болж

Сэтгэлээр үйлддэг гурван нүглийг тэвчиж- Үнэмлэхүй утга буюу Хуран үүсэн бүхэн Хоосон чанартайг оносон Цагаан Дарь Эх Бурханы эрдмийг ийнхүү өгүүлсэн байдаг.

Түүнчлэн  Бурхан багшийг гучин хоёр бэлэг наян найраг төгс лагшинтай гэсэн байдаг нь мөн л Сэтгэлийг ариусгаснаар биеийг ариусгаж болдог Бодь сэтгэлтний эрдэм юм.

Нэг ёсондоо хүнд байдаг 8400 муу сэтгэлийг хорьж сэтгэлээ эрхшээж зөв сэтгэлийг агуулснаар гоо үзэсгэлэнг хүн өөрөө цогцлоож болохыг Бурхад бидэнд үлгэрлэн үзүүлжээ.

Бидний бие цогцос мөнх бус нэгэн цагт гунддаг тул мөнхөд  үлдэх сэтгэлээ л ариусгачихвал өнгөрсөн хойноо ч гэсэн өөрийн биеийг улам ариусган солонгон биеийг олж, гэрлийн чанартай болон тунгалагшиж шарилаа үлдээлгүй замхран алга болох ийм их гайхамшигтай чадвартай төрөлхтөн юм.

Иймээс мэргэдийн сургаалиар ухаанаа тэлж үнэн мэдлэгээр мөн чанараа өнгөлж аливаа нэгэн зовлон бэрхшээл хорт зуршлуудын өмнө өвдөг сөхрөлгүй санасан хүссэн бүхэндээ хүрч чадах эрхэм дээд номоор жигүүрээ дэлгэн хүсэл мөрөөдлийнхөө оргилд нь хүрэхийг хүсэн ерөөе!

 Facebook Page: Togs-Amarlangui Tengeriin Gvnj

Page Link: http://facebook.com/Togs-Amarlangui-Tengeriin-Gvnj-350053595381195/

\