Судлаач Д.Ганхуяг “Сунасаар, сунасаар” нэртэй шинэ өгүүллээ бичсэн байна. Тэрбээр уг өгүүлэлдээ АН-ын даргад нэр дэвшигчдийн талаар өгүүлсэн бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүнийг тойрсон улстөрийн нөхцөл байдлын талаар ч бас дурджээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын даргад өөрийнх нь хүн сонгогдвол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Гацуурт” ХХК-ийн ерөнхийлөгч Л.Чинбатыг нэр дэвшүүлнэ гэх амлалтыг өгсөн тухай бичсэн нь цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Энэ тухай нийтлэлийн хэсгээс Ganaa.mn сайтаас эх сурвалж болгон хэсэгчлэн авснаа сонирхуулж байна. 

Төрийн ордон дахь хуйвалдаан

Монголчууд хавханд орсон чоно шиг, хавхаа тойрон эргэцээд л. Уураа гаргахын тулд ойртсон хэнийг ч хэмхээд хаячих санаа байвч сачий алга. Нохой бөөснүүд үхэх үйлтэй чононоос дайжин үсчээд, хууртаж очсон сэг зэмэн дээр цааш очиж язганалдаад, амьд үлдэнэ гэж наашаа ч нэг үсрээд, цаашаа ч нэг үсчээд л…Тэр уулын цаана буу дуугарч, энэ уулын дээгүүр элээ эргэнэ. Ертөнц өөрөө ийм болчихжээ.

Авахаас арьс, алахаас амь болчихсон уу ? Хавхаа мэрэх үү ? Хөлөө таслах уу ? Тэнгэр ивээвэл хавхны хоёр гар салж, эзнийг нь ирэхээс өмнө бид зугтаж амжих ч юм шиг. Харин хавх тийм хэцүү юү ? Тэр хавхны нэг гар нь Ц.Элбэгдорж, нөгөө гар нь М.Энхболд гэсэн тамгатай. В.Путин, Д.Медведев шиг улсыг эрхшээнэ гэнэ. 

АН-ыг ХХБ-ны охин компани болсон “Эрдэнэт” үйлдвэрийн улстөрийн хэлтэс болгож хувиргаад “яв гэсэн газраа явуулж, зогс гэсэн газраа зогсоох” санаархал тэдэнд бий. Харин хавхны ул нь ХХБ-ны Д.Эрдэнэбилэг. Уг нь хавхнаас сулрахын тулд заавал хоёр гарыг эвдэх шаардлагагүй, нэг гар нь суларвал болоод явчихна. Хэрэв 4 сарын дараа УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дэвшээд унавал нэг гар нь суларна, эсвэл энэ сарын 19-нд Ерөнхийлөгчийн хүслээс гадуур дүн гарвал нөгөө гар нь суларна. 

Одоогийн тохироогоор МАН-аас М.Энхболд гарцаагүй нэр дэвших ба харин өнөөгийн Ерөнхийлөгч түүнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Д.Эрдэнэбилэг бол М.Энхболдыг хотын мэр байхад “Улаанбаатар сан”-гаас “санхүүгийн ажлаа” эхэлсэн бөгөөд Төв шуудангийн цамхаг дээрх цаг түүний бизнесийн цаг хугацааг заан өдөржин шөнөжин гэрэлтсээр…

Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр “Э”-гийн дундынх бөгөөд ГХЯ, ХЗДХЯ, ТЕГ, АТГ зэрэг хүчний байгууллагууд Ерөнхийлөгчийн мэдлийнх, бусад нь УИХ-ын даргын мэдлийнх юм. Ингэхийн учир нь намын даргын байр суурь хүчтэйнх. Тагнуул ч үгүй, намын дарга ч үгүй Ерөнхий сайд гэж хаашаа харсан юм байх вэ, тийм биз дээ ? Ж.Эрдэнэбат бие даах хүчирхэг тулгуургүй, тиймээс өөрийн байтугай хүний хүнд дарлуулж байгаа амьтан. Хүсэх нь хэдэн төгрөг олж аж ахуйгаа яаж өөд нь татах вэ ? гэдэг авч мэдэлгүй хүн яах билээ. Гарал угсааны хувьд ч хагас цахар угсаатай байж болзошгүй ажээ. Ингээд өмнөд зүгийн иж бүрдэл манай улсын толгойд заларч байна.

Зүгээр суулаа гээд Ж.Эрдэнэбат амар сайхандаа жаргаж байгаа юм алга. Далай ламыг урьсан нь яг ийм үр дүнг мэдсээр байж хийсэн Ц.Элбэгдоржийн зориудын үйлдэл бөгөөд Бээжинг өдөөн хатгасан энэ ажиллагаа нь эдийн засаг дахь цусны эргэлтийг боож байгаад Таван толгойн асуудлыг хүчлэн шийдэх муйхар заль байсныг одоо Монголчууд ойлгох цаг нь болсон. Тухайн үед Сангийн сайд Чойжилсүрэн, ҮАБЗ-ийн нөгөө хоёр нь буюу олонх нь яаж гуйгаад зогсоож чадаагүй гэдэг. Улсын эрх ашгаас Энержи ресурсын эрх ашиг чухал гэж боддог л хүн ажээ, энэ Ц.Элбэгдорж. Тэгэхэд ГХЯ-аа Элбэгдоржид алдсан буруугаа мэдэж тэнэг толгойгоо шаасан нь лав, МАН-ынхан. Чухам үүнээс болж өмнөд хөрш ч олон улсад нэр хүндээ сэвтүүлсэн ба харин Энэтхэгийн санаанд оромгүй тусламж биднийг ч эвгүй байдлаас сугаран гарахад их тус боллоо.

Үүний улмаас Ц.Элбэгдорж ба М.Энхболдын хооронд зөрчил үүссэн нь Таван толгойн асуудлыг нэгмөсөн шийдэх гэсэн Ц.Элбэгдоржийн мэдлийн ГХЯ-аар дамжсан санаархлыг УИХ дээр таслан зогсоосон явдлаар илрэн гарч байна. “Олон улсын гэрээний тухай” хуулийн өөрчлөлтийг дэмжсэн ба эсэргүүцсэн жагсаалтыг ажиглавал хэн нь хэнийхээ талд байгааг харж болно. Ц.Нямдорж уу ? Хэрэв “М.Энхболд чанга унахаас айвал би дэвшинэ” гэсэн бодолтой л байгаа.

Харин үүний хариуд Ц.Элбэгдоржоос “Утаатай тэмцэх” ажлыг өргөн хүрээтэй эхлүүлсэн ба гудамжны дарамт шахалт МАН-ыг айлгаж, ичээв. Ингэхдээ АН-ын дарга миний хүн болбол өөрийг чинь Ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэсэн амлалтанд хөтлөгдөж яваа “Гацуурт”-ын Чинбатыг хошгоруулж, “Монгол HD” телевизтэй хамтарчаад, “Лхагваа Лхагваа…” гэж дуудсаар хамаг булхайгаа илчилж орхилоо. Харин ийм доромжлолыг М.Энхболд хэдий болтол тэсэх нь тодорхойгүй.



Олон нийтийн эсэргүүцлийг утаатай уяж МАН руу чиглүүлээд, тэр суурин дээр нь утааны эсрэг хийсэн алхмуудаа, авсан шагналтайгаа сануулж өөрөө тодрох гэсэн биш өөрт нь бүүр ч гай болов. Гадаад эзэд нь Ц.Элбэгдоржийг хошгируулах гэж өгсөн “шагналд” утаанд угаартсан монголчууд хошгирсонгүй. 26 жил төрийн өндөр албыг халаагүй хашихдаа, ядаж найман жил тасралтгүй төрийн толгойд байхдаа өөрөө юу хийв ээ ? гэсэн ганцхан асуултад л бүдэрч унахаа тэр тооцсонгүй.

Та өгүүллийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл судлаач Д.Ганхуягийн Ganaa.mn сайтаар зочилно уу.