Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан судлаач Д.Ганхуягийн бичсэн "Сунасаар сунасаар" өгүүллийн  "Мангаа До-гийн эцсийн зүүд" нэртэй дэд бүлэг буюу төгсгөл хэсгийг онцгойлон дахин нийтэлж байна.
 
Эрхэм та  уг нийтлэлийг бүрэн эхээр нь http://sonin.mn/news/politics-economy/73837- ээс  уншина уу?
 
 Sonin.mn 
 
 
"Мангаа До-гийн эцсийн зүүд" 
 
Өнгөрсөн сонгуулиар Ц.Элбэгдорж идсэн ууснаа хааж халхлахын тулд АН-аас урваж МАН-ыг илт давуу ялуулсанд дургүйцэж байгаа АН-ынхан одоо түүнээс хариугаа авахаар араа шүдээ хавирч хурцалж байна. Өөрөө амьд үлдэх гээд намаа алдаг хүн гэж байх уу даа. Түүний энэ мэхийг АН хэдийн мэддэг болжээ. 
 
Санал хураалт Н.Алтанхуягийн илт давуугаар төгсөх урьдчилсан төлөвтэй байна. Бүр хорсолтой нь парламентад Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшвэл М.Энхболдыг нугалж барах төлөвтэй тухай бор шувуу ч нисэж байна. Гэхдээ яаран итгэхээсээ өмнө бодит байдлыг тооцох хэрэгтэй. Үнэндээ дараалсан ялагдал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн ичгүүртэй жүжиг, Ц.Элбэгдоржийн увайгүй авир, АТГ-аар далайлгасан заналхийллээс залхсан АН-ынхан Ц.Элбэгдоржтой нэр холбогдсон хэнийг ч боловч унагахын тулд бүхнийг хийж байна. Н.Алтанхуягийн ЗГ-т байсан сайдуудаас “нэр дэвшигчээс бусад нь” байцаагчийн үүдэнд чулуу няслаж суугаа” (С.Баярцогт хүртэл. Гэхдээ түүнийх их онцлог) ба АН-ын одоогийн дарга нь, бас “дараа” болох дарга нь ч бэлэн зэхээний ор дэртэйгээ мэдэж байх ёстой гэсэн увайгүй авирт өсөрхөж байна.
 
Эрх мэдлээ алдаж буй нэг хүний төлөө намаараа, бүхэл бүтэн үеэрээ дэнчин тавихыг хэн хүсэх билээ ? Одоо бол АН-ыг зөвхөн ялалт л нэгтгэж чадна. Хэрэв ялахгүй бол АН энэ дотоод зөрчлөөсөө болж задран бутраад ахиж толгой өндийхгүй болтлоо доройтоно. Харин тэр ялалтыг нь Ц.Элбэгдоржийн санаархлыг сөрж чадах, түүнийг тогтоон барих хүн л хангахаас түүний талын аль ч нэр дэвшигч хангахгүй, харин ч удалгүй хуйвалдаанаар зайлуулагдаж АН ХХБ-ны нэгж болно.
 
Тэгээд Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэсэн лидерүүдтэй, хагас тэрбумын гадаад өртэй гаднаас залууртай ХХБ гэсэн түрийвчтэй “Адгийн Нам” болж хувирна. Ц.Элбэгдоржийн сценариар дэвшүүлсэн хүмүүс хэдий сайн боловч хэн нь ч намын дарга болж харагдахгүй байгааг бүгд мэдэж байна. Яагаад гэвэл энэ бол дарга нь Ц.Элбэгдорж гэсэн “аваарийн дохио” улалзуулж байгаа юм.
 
Хэдий эрх мэдлээ хязгаарлуулсан ч 65 гишүүнтэй МАН Ц.Элбэгдоржоор удаан тоглуулаад байхыг хүсэхгүй байна. Унаж буй Ерөнхийлөгчөөс зүүгдэж буй унхиагүй даргаа МАН бас голж эхэлжээ. Ерөнхийлөгч утааны жүжгээ тавихад ЗГ-ын кабинет нь тэр чигээрээ очоод хурхирч байдаг нь ч бас юучив? Ойрын хугацаанд ТЕГ-ын даргыг солих асуудлыг тавьж магадгүй ба цаашдаа АТГ ба ГХЯ-ны асуудлыг хөндөх болжээ. Мөн сонгууль болтол Ц.Элбэгдоржийг ноолж, түүний мэдэлд орсон АН-ыг гутаан баллуурдах ажлыг бүтэн улирлын туршид хийх ба бүтэж үхэх шахсан гишүүд нь харин ч шүднийхээ загатнааг гаргах нь дамжиггүй.
 
Ийм нөхцөлд Ц.Элбэгдоржтой зууралдалгүй харин ч буцааж хаяад МАНАН-г сөрөн зогсох чадвартай нь Н.Алтанхуяг л болж харагдаж байна. Н.Алтанхуягийн өсөрхөл л Ц.Элбэгдоржоос намаа хөндийрүүлж чадах ба С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хуйвалдаан ч ямар ч хэрэггүй хогийн бялдуучлал болон хувирах болно.
 
С.Баярцогт ирсэн байна ! Дэв шүглэж хяналтаа алдсан Ц.Элбэгдорж өөрийн бэлтгэсэн “Утаатай” жүжгийнхээ дүрд ч орж чадахгүй байгаа нь намын олон нийтийн дэмжлэгээ бүрмөсөн алдсаныг нотлон харуулж байгаа ба одоо эцсийн тулгуур нь С.Баярцогт болоод байна. С.Баярцогтын үүрэг бол Сү.Батболдын фракцаар дамжиж МАН-тай тохиролцож хагалан бутаргах, АН дотор Н.Алтанхуягийн эсрэг фронтуудыг нэгтгэх юм. Ингэхдээ яриа хэлэлцээ хийх, мөнгөө гаргах хоёр үүрэгтэй. Ирэхгүй гээд зугтсан түүнийг Ц.Элбэгдорж аанай л АТГ-д хэрэг үүсгээд л дуудчихаж байгаа юм даа. Ирж Элбэгээтэйгээ ярьж мултрахгүй бол өнөөх нь хэргийг нь хаахаа мартаад ажлаа өгчихөж чадах л хүн байхгүй юу. Мөн ч эмзэг бөлдөгтэй эр дээ…
 
Харин үүнийг мэдэрсэн З.Энхболд “С.Баярцогтыг дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө” уучлалт гуйсан нь орчин үеийн “Мангаа До”-Ц.Элбэгдоржийн дэргэд барьцааны хүн л гэж байдгаас багийн хүн гэж байхгүйг нотолчихлоо доо…С.Баярцогт бол АН-ын хүн биш гэжээ.
Ингээд энэ сарын 29-нд “Тожмой лууны эрин” хэрхэн төгсөхийг харцгаая!
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 01 дүгээр сарын 16