Эрдэнэтийн 49 хувийг Төрийн эзэмшилд авахаас татгалзсан гишүүдийг “эх орноосоо урвагч” гэж зарлая
2017/01/27
2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Баянсэлэнгэ “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гадны компанид худалджээ” гэх мэдээллийг анх хийж, тухайн үедээ багагүй дуулиан дэгдээж байлаа. Үүний дараа буюу яг сонгуулийн санал хураахын өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэтийн 49 хувь зарагдсан нь үнэн. Гэхдээ гадны компани биш. Монголын Худалдаа Хөгжлийн банк худалдаж авсан” гэх тайлбарыг хийж байв.
Энэ мэдэгдлээс хойш юу болж өрнөсөн талаар уншигч та мэдэх биз. Тиймээс илүү зүйл нуршилгүй энэ сэдвийг орхиж байна.
Тэгвэл одоо Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авч чадах уу, үгүй юу гэсэн асуудал яригдаж байна. Эрх баригчид буюу МАН “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хууль бусаар Худалдаа Хөгжлийн банкны охин компани болох “Монгол Зэс” компанид шилжсэн гэдгийг тогтоосон билээ. Тиймээс энэ 49 хувийг төр эзэмшилдээ авах ёстой гэдэг мэдэгдлийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хийсэн юм.
Түүний мэдэгдлээс “Монгол Зэс” компани “Монголросцветмент”-ийн эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан… Энэ хөрөнгөө босгохын тулд огт байхгүй зүйлсийг барьцаанд тавьсан… Худалдаа хөгжлийн банк “Банкны тухай хууль”-ийг зөрчиж өөрийн нийт хөрөнгө /745 тэрбум төгрөг/-өөс давсан 900.2 тэрбум төгрөгийн зээлийг “Монгол зэс” компанид олгосон… Монголын төр 51 хувийг нь эзэмшдэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр Засгийн газрын түвшинд ярилцаж худалдан авсан… зэргийг онцолж болохоор.
Оросын тал өөрийн эзэмшлийн хувиа худалдахаар болсон. Түүнийг худалдах асуудал Монголын төрийн түвшинд хэлэлцэгдэх ёстой байсан. Гэвч зарагдсаных нь дараа мэдсэн гэж УИХ-ын дарга асан З.Энхболд “цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгдсэн билээ.
Эндээс төрийн буюу Монголын нийт ард түмний өмчийг худалдан борлуулах ажиллагаа нүднээс далд явагджээ гэж ойлгож болохоор байна.
Түүнээс гадна Худалдаа хөгжлийн банк энэ 49 хувийг дан өөрийн хөрөнгөөр худалдан авч уу гэвэл бас асуудалтай. “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлсэн. Мөн Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, барилга зэргийг барьцаалсан. Түүнээс гадна Төв банкнаас 500 тэрбум төгрөг зээлсэн гэх. Үнэндээ Төв банкнаас гарсан гэх 500 тэрбум төгрөгийг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргал эрх мэдлээ хэтрүүлэн хэвлэж өгсөн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дурдсан байдаг.
Тэгэхээр Худалдаа Хөгжлийн банк “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх асуудал нь өөрөө луйврын шинжтэй байгааг дээрх баримтууд нотолж байна. Үүнийг ч УИХ-аас томилогдсон ажлын хэсэг баталж, 49 хувийг төрд эргүүлэн авах тухай саналыг гаргасан юм.
Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийг төр буюу ард түмний өмчлөлд 100 хувь шилжүүлэх асуудал дээр эрх баригчид нэгдэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл МАН-ын гишүүд 49 хувийн асуудал дээр хоёр хуваагдчихаад байгаа юм. Ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэрт “шахаа хийдэг” бизнесийн бүлэглэл 49 хувийг хувийн хэвшилд нь үлдээхийг, дэмжиж байна гэж харагдаад байгаа. Нөгөө талаас тэд дээр хийгдсэн луйврыг дэмжиж байна гэж ойлгогдохоор.
Үүнээс болоод “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг худалдсан асуудлыг луйвар гэж мэдэгдсэн гишүүдэд чиглэсэн анхааруулга явж эхэллээ. Үүний нэг жишээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан гэх асуудал.
Яг үнэндээ ганц Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн шахаад байна уу гэвэл үгүй. Олон жил парламентад сууж, засгийн эрх барьж байсан МАН-ын хууччууд бүгд л Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан үнэн. Тэгэхээр үнэхээр л шударга юм бол бүгдийг нь зарлачихмаар байна. Хэн, хэзээ, хэчнээн төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн шахсан бэ гэдгийг олон нийтэд нээлттэй зарлачихмаар байгаа юм. Даанч тийм “зориг” МАН-д байхгүй. Харин өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд сөрөг дуу хоолойг дарах зорилгоор ганц нэг мэдээлэл явж байгаа нь цаанаа өөр учир шалтгаантайг ойлгох ухаан иргэдэд бий.
Уг нь төр бол ард түмний төлөөлөл. УИХ-д сууж байгаа эдгээр 76 хүн бүгд л аль нэг тойргийн иргэдийг төлөөлж, энд сууж, хууль баталж, сонгогчдынхоо эрх ашгийг ярьж байна. Гэтэл ард түмэн “Эрдэнэт” үйлдвэрээ 100 хувь өмчлөх асуудал яригдахаар нөгөө түмний төлөөлөл маань хувийн ашиг сонирхлоо хамгаалцгааж, багны цаадах жинхэнэ нүүр царайгаа харуулж эхэллээ.
Худалдаа Хөгжлийн банк шударгаар худалдаж авсан 49 хувийг нь булаах гээд байгаа зүйл энд огт байхгүй. Харин хууль бус луйврын шинжтэй зүйл явагдсан учраас л ард түмэн өмчөө эргүүлэн авах гээд байгаа юм. Гэвч эрх баригчид түмний төлөөлөл бус харин хувийн ашиг сонирхолд хөтлөгдөөд эхэллээ.
49 хувийн асуудал дээр МАН нэгдмэл бус байгааг илтгэж байгааг намын даргынх нь тайлбараас харж болно. Тэрээр “Бизнес эрхэлж байгаа байгууллагын өмч, хөрөнгийг төр нийгэмших байдлаар шууд авах нь зохимжгүй гэдгийг бид ойлгож байгаа” гэсэн мэдэгдлийг хийж. Эндээс УИХ-ын дарга 49 хувийг төрийн эзэмшилд авахын эсрэг байна гэж харагдаж байна. Тэгээд ч төр нийгэмших байдлаар шууд авах нь зохимжгүй гэх тайлбар нь оновчгүй. Үнэндээ төр гэж байгаа бол хууль бусаар хийгдсэн энэ наймааг зогсоож, цуцалж, хурааж авах нь зүй ёсны хэрэг. Гэтэл оновчгүй “бөөрөнхий” тайлбараар 49 хувийг төрд авахын эсрэг байгаа гэдгээ хэлчихлээ гэж ойлгогдож байна.
Яагаад хууль бус зүйл цааш үргэлжлэх ёстой вэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглаж, хаалттай хаалганы цаана түмний өмчийг наймаалцсан асуудлыг яагаад чимээгүй өнгөрүүлэх ёстой вэ. Ийм л асуудалтай тэмцэж, зогсоож чадахгүй бол төр гэж байгаад яах юм бэ. Иргэд нь өмчөө эргүүлэн авах гэхээр эсэргүүцэж байгаа энэ хүмүүсийг “эх орноосоо урвагч” гэж зарлахаас өөр арга алга даа.
А.Аюуш
ugluu.mn
kkkk-l- · 2017/01/27
turd abaad 36/ iig ioppon solongosuud une duudan zaraad olon ulsad neelttei hk boloh 15-20/ iig mgl iin hurungiin birjeer ard tumend neelttei il tod shudaragaar zarah zuitei
Зочин · 2017/01/27
49% huvid ni uldeeee yaharaa uls avah estoi ym bee huviin gazar bh estoi za yu.