Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
2017/01/27
АН-ын даргын сонгуулийн сунгаа өрнөсөөр байна. Уг нь "эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлээд л таван нэр дэвшигч намын даргаасаа багц сум аваад л гараанаас хөдөлцгөөсөн. Гэвч сурталчилгааны дунд үеэс бүгд л хувийн тоглолтондоо орцгоолоо. Мөн нэр дэвшигчдийг дэмжигчдийн фракц идэвхтэй хөдөлгөөнд орж эхэллээ.
Уг нь шударгаар өрсөлдчихмөөр. Гэвч сонгуулийн сурталчилгааны "хар ажиллагаа” эдгээр өдрүүдэд маш идэвхтэйгээр хийгдэж байна. Хүн амины хэрэгтэн, АТГ-т дуудагддаг авлигач, гэр бүлийнхнээ төрийн албан шургуулсан шударга дүр эсгэгч, Мүүнчин... гэх мэтээр нэр дэвшигчдийг сөрөг талаас нь танилцуулсан мэдээ мэдээллүүд ихээр цацагдсаар байгаа билээ.
Гэхдээ санал өгөх эрх АН-д гишүүнчлэлтэй 180 мянган иргэдийн дунд л явагдана. Тэд л хэн нь намын дарга болж, намаа удирдан чиглүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх эрхтэй. Үүнд сөрөг нам, ард иргэд санаагаа чилээх хэрэггүй юм шиг. АН-ын нийт гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгодог болсон энэ шийдвэрт давуу тал бий. Ер нь намууд удирдах түвшиндөө хуралдаад даргаа сонгочихдог байсныг халж, нийт гишүүдийн дэмжлэг авсан хүнээр намаа удирдуулдаг тогтолцоонд шилжиж байгаа нь өөрөө давуу тал юм. Ингэснээр удирдах түвшний хүмүүсийн бус намын нийт гишүүдийн дуу хоолой, тэдний асуудал яригдаж, шийдвэрлэгдэж эхэлнэ. Гэвч нөгөө талаас энэ сонгуульт ажиллагааг зүгээр л жүжиг гэж харах хүмүүс цөөнгүй байна.
Одоо АН-ыг "Шонхор” фракц буюу З.Энхболд толгойлж байгаа. Фракцгүй нам байгуулья гэж нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа ч бүгд л аль нэг фракцийн төлөөлөл гэдэг нь нууц биш. Тэгвэл АН-ыг аль фракц цаашид толгойлж удирдаж явах вэ гэдгийг энэ удаагийн сонгуулийн үр дүн шийднэ. Гэхдээ л "Шонхор” тийм ч амар эрх мэдлээ алдчихгүй байх гэсэн таамгийг улс төрчид дэвшүүлж байна.
З.Энхболд сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, намын даргаа хүлээлгэн өгнө гэж албан ёсоор хэд хэдэн удаа мэдэгдчихсэн. Гэхдээ З.Энхболд л албан тушаалаасаа чөлөөлөгдөх болохоос биш "Шонхор”-ын тэргүүлэл өөрчлөгдөхгүй байх магадлалтай. Анх л АН-ын даргын сонгууль зарлагдахад нэг хүнийг өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулна гэж таамаглаж байснаа санаж байна. Харин сурталчилгааны явцад өрсөлдөгчгүй ялагчийн рейтинг буурч, өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон. Тиймээс л хар технологийн ажиллагаа идэвхжиж, өрсөлдөгчдөө намнаж эхэллээ.
Ер нь З.Энхболд буусан ч "Шонхор”-ын хаанчлал үргэлжилсээр байх болов уу. Үүний тулд л сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл АН-д ямар ч шинэчлэл хийгдэхгүй.
Амар
Үндэстэн агентлаг