Э.Бат-Үүл, Баабар, Да.Ганболд: Шинэ үеийн төлөөллийн төлөө саналаа өгөхийг уриалж байна
2017/01/27
Ардчилсан намын гишүүд, ардчиллын төлөө тэмцэгч ахан дүүс, эрхэм журмын анд нар аа!!
Монголын анхны ардчилсан шинэ намуудын анхны дарга нар бид хэдхэн сарын өмнө та бүхэндээ хандаж, намд шинэчлэл хийж, шинэ залуу үеийнхнээр сэлбэж, шинэ үзэл санаагаар амьсгалахыг уриалсан билээ.
Мөн Ардчилсан намын энэхүү шинэчлэл нь хэрэгцээ шаардлагын түвшингээс хэдийнэ хальж, Ардчилсан намыг аварч үлдэх сүүлчийн гарц болсон төдийгүй аврал болох шатанд орсныг сануулсан. Энэ үзэл санаа намын мянга мянган гишүүдийн халуун дэмжлэгийг хүлээж Ардчилсан намыг шинэчлэх, шинэ залуу үе, шинэ үзэл, удирдлагын шинэ арга барилаар сэлбэх их үйлс эхлүүлсэн билээ.
Намын гишүүд бид намаа шинэчлэх төдийгүй аврах их үйлсийн хүрээнд шинэ даргаа тодруулах сунгаа, түүнд оролцогчдыг тодруулах ажлыг эхлүүлж чадлаа. Сунгаанд оролцогчийг тодруулах батлуулах ажил ямархуу болхи, урам хугарам технологиор өрнөж байгааг хэлээд яах вэ?
Намын гишүүдийг шинэчлэн бүртгэх ажил “яахдаа үхэр буугаа тавив" гэгчийн үлгэрээр зохион байгуулалт нь ойлгомжгүй, бүртгүүлэхэд зарим орны виз авахаас ч түвэгтэй, арай гэж бүртгүүлж амжсан заримыг намын дарга үзэмжээрээ хассан гэхчлэнгээр удаа дараагийн башир эсэргүүцэл, саад бэрхшээлтэй эхнээсээ тулгарсан. Санал хураалт яаж өрнөх, дүнг хэрхэн нэгтгэн гаргах нь одоо ч ойлгомжгүй хэвээр байна.
Энэ нь намыг өмчлөгч хуучин хүчин хичнээн их хүчтэй, шинэчлэлээс хойш чангаах чадвартайг харуулж байна. Гэхдээ л бид урагшилж чадсан. Ямарч байсан намын доод бүтэц зарим газар ханлиг ванлиг шинжтэй, намын дээд удирдлага угсаа залгамжлах байдалтай болж эхэлснийг өөрчлөх эхний алхамаа хийж чадлаа.
Манай гишүүд Ардчилсан намыг аврах нь ардчиллыг аврах, ардчиллыг аврах нь үндэстнээ аврах, хувь хүний эрх, эрх чөлөөг аврах, ингэснээрээ бид өөрсдийгээ, өөрсдийнхээ сонгосон хувь тавилангаа, ирээдүйгээ аврах үйл хэрэг гэж харж ухаарч байгаа нь бахдалтай байна.
Ардчилсан намыг шинэчлэх, аврах ажил маш хэцүү байх болно. Хуучин тогтолцоогоо аврах, угсаа залгамжлах сүлжээгээ, фракцаа аврах, эцсийн дүндээ хар амиа хань хамсаатнаа аврах, намын нэр хүндээр хувийн тавилан гэмт явдлаа наймаалцах их оролдлогыг сөрөхөд хүрэх нь тодорхой байна.
Өрсөлдөөний арга ч шинэ хуучнаараа ялгарч байна. Яагаад гэвэл, намаа аврахыг хүсэгчид боломжтой болгоныг хийнэ, гэхдээ алдаа гаргахаас айж хийнэ. Харин амиа аврахыг хүсэгчид боломжтой болгоноо хийгээд зогсохгүй боломжгүй зүйлийг ч айхгүй үйлдэнэ, Ийм ялгаатай.
Түүнчлэн, намаа аврахыг хүсэгчид сонгуулийн кампанийн хүрээнд олдож байгаа санхүүжилтийг л зарцуулна. Гэтэл намд үүрлэж амиа аврахыг хүсэгчид олдож байгаа дээрээ олсон байсан бүхнээ цацна. Ийм учраас хүч тэнцвэргүй дажин болж байгааг бид харж байна.
Ардчилсан намын гишүүд бид, нэгдүгээрт ардчиллыг аврах, хоёрдугаарт Ардчилсан намаар бамбай хийгээд амиа авч гарах гэж улайран зүтгэж байгаа бүлэглэлээс намаа аврах хоёр том давалгааг сөрөхөес өөр аргагүй боллоо. Хэрвээ бидний сонголт “Намыг аврах бус намаар амиа авруулах” сонирхлын золиос болчихвол бид Ардчилсан намаа, монголчууд ардчиллаа алдах болно.
Өөрчлөлт шинэчлэл нь шинэ амьсгал орох эсэхтэй, шинэ амьсгал нь шинэчлэх чадвартай эсэхтэй шууд холбоотой. Шинэчлэлийг хуучирсан үе, хоцрогдсон арга, хувийн эрх ашигтай бүлгээс намаа салгахгүйгээр хийх аргагүй юм.
Эрхэм журмын нөхөд, Ардчилсан намын гишүүд ээ.
Монгол Улсад, монголын ард түмэндээ ардчиллыг авчирсан гавьяатай Ардчилсан намаа анхны үзэл санаан дээр нь эргүүлэн авчирч Эрс өөрчлөн-Эргэн сэргээхийн тулд шинэ үеийг, шинэ үеийн төлөөллийг сонгохоос өөр гарцгүй гэдгийг нэгэн үзүүрт сэтгэлээр ухааран саналаа өгөхийг та бүхэндээ уриалж байна.
МоАН-ын анхны дарга Э.Бат-Үүл
МСДН-ын анхны дарга Баабар
МҮДН-ын анхны дарга Да.Ганболд