УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, хуулийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдан гарсан болон гарах журмууд, тэдгээрийн хэрэгжилт, Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолын хэрэгжилт, үндэсний инновацийн тогтолцоо, инновацийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар”  Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайдад инновацийн хуулийн хэрэгжилтийн талаар асуулга тавьсан. УИХ-ын дэргэд инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийг байгуулаад ажиллаж байгаа. Эдийн засгаа солонгоруулах цорын ганц гарц бол инновацийн үйл ажиллагааг дэмжих юм. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд энэ салбарыг "Манайд хамаагүй" гэж ирээд орхигдуулсан. 2012 онд батлагдсан инновацийн хуулийг дагаж гарах журмуудаас хоёрхон журам гарсан. Өнөөдөр 28 гарааны компани байгуулагдаад ажиллаж байгаа. Гарааны компаниуд хөнгөлөлт урамшуулалыг аваагүй. Байгуулагдсан гарааны компаниуд нь лабортарийн  хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, өмнөх засгийн газар нь ажлаа хийгээгүй байна. Төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нь сайжруулахгүй бол энэ ажил цаашаа явахгүй. Гарааны компаниудад нь боломжийг нь олгомоор байна. Эрдэмтэд маань олон патент авчихаад байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчгүй, хөрөнгө оруулагчтай холбож өгөх ажил нь бүрэн орхигдсон байна. Гадны орнуудад инновацийн агентлагууд хүртэл байгуулагдаад эхэлчихсэн байгаа. Ерөнхий сайдынх нь дэргэд инновацийн үйл ажиллагааг дэмжих зөвлөл хүртэл ажилладаг. Гэтэл манай орон энэ салбарыг орхигдуулжээ. Шинжлэх ухаан бол мэдлэгийг бүтээх үйл явц. Мэдлэгийг баялаг болгох асуудал бол инноваци. Тиймээс инновацийн үйл ажиллагаа бол ганц шинжлэх ухааны бус эдийн засгийн чухал асуудал юм. Харин өнөөдрийн асуулга дээр “2012 онд хууль батлагдан гарснаар эдийн засгийн тооцоо ямар гарсан бэ. Хэдэн төгрөгийн ашиг гарсан юм бэ. Мэдлэгийг баялаг болгох энэ салбарт хэдэн төгрөг бий болсон юм бэ. Гарааны компаниуд хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн юм бэ” гэх мэдээллүүдийг сонсохыг хүсч байна" гэлээ. 

Т.Хулан