Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өөөрийн байрандаа өнгөрсөн онд шийдвэрлэсэн хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд буюу эхний хагас жилд нийт 1218 хүнд холбогдох 776 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд 203 хүнд холбогдох 104 хэргийг буцааж, 820 хүнд холбогдох 544 хэрэг хянан шийдвэрлэснээс 695 хүн ял шийтгүүлж, 113 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 12 хүн цагаатгаж, 195 хүнд холбогдох 128 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй ажиллажээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд буюу тайлангийн хугацаанд /2016.06.01-12.20/ нийт 639 хүнд холбогдох 406 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад 108 хүнд холбогдох 58 хэргийг буцааж, 380 хүнд холбогдох 283 хэрэг хянан шийдвэрлэж 229 хүнд ял шийтгэж, 21 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 6 хүнийг цагаатгасан. Мөн 124 хүнд холбогдох 65 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 онд нийт 409 хүнд холбогдох 268 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад 115 хүнд холбогдох 50 хэргийг буцааж, 178 хэрэг хянан шийдвэрлэж, 189 хүнд ял шийтгэл оногдуулж, 69 хүнд холбогдох 40 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 475 хүнд холбогдох 311 хэрэг хүлээн авсан байна. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад 66 хүнд холбогдох 33 хэргийг буцааж, 336 хүнд холбогдох 235 хэрэг хянан шийдвэрлэж, 297 хүн ял шийтгүүлж, 36 хүнд холбогдох 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3 хүн цагаатгаж, 73 хүнд холбогдох 43 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

-УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 1761 ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭСЭН-

Улсын хэмжээнд Анхан шатны шүүхүүд 2016 онд нийт 10120 хүнд холбогдох 7025 эрүүгийн хэрэг хүлээн авч, 5762 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 6566 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2016.06.01-12.20 хүртэлх хугацаанд 2741 хүнд холбогдох 1761 эрүүгийн хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Улсын хэмжээнд хүлээн авсан эрүүгийн хэргийн 25%-27%-ийг эзэлж байгаа аж.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шүүн таслах ажиллагаа явуулж байгаа 33 шүүхээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд харьцангуй өндөр ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна.

2016 онд буюу /2015.12.23-2016.05.31/ эхний хагас жилд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг

Шүүхийн нэр

хөнгөн

хүндэвтэр

хүнд

Онц хүнд

1

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

139

277

97

31


2016 онд / 2016.06.01-12.20 шүүх өөрчлөн байгуулагдсанаас хойш /

 №

Шүүхийн нэр

Хөнгөн

Хүндэвтэр

хүнд

Онц хүнд

 

1

 

Баянзүрх дүүргийн

Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүх

25

181

53

21

 

 

2

Сүхбаатар дүүргийн

Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүх

35

107

24

12

 

3

 

Чингэлтэй дүүргийн

Эрүүгийн хэргийн

анхан шатны шүүх

37

144

36

18


Хянан шийдвэрлэсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хүнд, онц хүнд гэмт хэрэг харьцангуй их шийдвэрлэгдэж байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхүүдээр шийдвэрлсэн хэрэгт хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг зонхилж байна.

Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил зэргээс хамаарч харилцан адилгүй байна.

-ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН НИЙТ ДОЛООН ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

2016 онд тус шүүхээс олны анхаарлыг татсан олон хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал:

-Нарантуул ОУХТ-д гал гарсантай холбоотойгоор Ш.Амгаланбаатар нарын 7 хүнд холбогдуулж /ЭХ-ийн 189.2, 154.2/ эрүүгийн хэрэг /104 хохирогчтой, хохиролын хэмжээ өндөр/- шийдвэрлэсэн

-Сандэй плаза төвд гал гарсантай холбоотойгоор ЭХ-ийн 189.2-т заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр нарыг холбогдуулан яллагдагчаар татсан эрүүгийн хэрэг /113  хохирогчтой, 3.2 тэрбум хохиролтой/

-Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох эрүүгийн хэрэг- шийдвэрлсэн

-Төрсөн эхийгээ хөнөөсөн Г.Баярцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн

-Д.Отгонгэрэл нарт /ЭХ 148.4/ /олон хохирогч, хохиролын хэмжээ өндөр/ холбогдох хэрэг

-Г.Дэнзэн нарын 5 хүнд /ЭХТА-ийн 150.3, 265.2/ холбогдох эрүүгийн хэрэг,

-С.Зориг агсаны амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн

-ХАР ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ 85 ХҮНД ХОЛБОГДОХ 45 ХЭРЭГ ШИЙДВЭРСЭН-

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг бусад гэмт хэргээс хамгийн их өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх гэмт хэрэг 2016 онд Улсын хэмжээнд эрүүгийн шүүхээр 72 хэргийн 130 хүнд ял шийтгэл оногдуулсан нь өмнөх он буюу 2015 онтой харьцуулахад эрүүгийн хэргийн тоо 71.4%, ял шийтгүүлэгчдийн тоо 71.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн тухайд Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэргийг тус онд 85 хүнд холбогдох 45 эрүүгийн хэргийг шийдвэрлсэн нь улсын хэмжээнд шийдвэрлэсэн энэ төрлийн гэмт хэргийн 62.5%-ийг эзэлж байна.

-НИЙТ 76 ЯЛТАНЫГ ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАСАН БАЙНА-

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /2016.06.01-12.20 хүртлэх хугацаанд/ нутаг дэвсгэрийн харъяалалд байдаг таван хорих ангид ял эдлэж буй ялтнуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74, 75 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333, 334 дүгээр зүйлд зааснаар тодорхойлолт, дүгнэлт гарган шүүхэд шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 151 материалыг хянан хэлэлцэж, нэг ялтанд холбогдох прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, нэг ялтныг өвчний учир хугацаанаас өмнө хорих ял эдлэхээс чөлөөлж, 76 ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, 62 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж шийдвэрлэжээ.