УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар маргааш хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Учир нь ОУВС-аас хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах 13 заалт бүхий саналаа ирүүлсэн байсан юм. Тиймээс энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлага гэдэг дээр гишүүд нэгдсэн байр сууринд хүрсэн юм. Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага авсан.

Харин өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ОУВС-аас ирсэн саналын томьёоллыг хэлэлцэж, санал хураалаа. Үүнтэй холбогдуулан тус байнгын хорооны дарга Д.Тэрбишдагваас тодруулга авлаа.

-ОУВС-аас ирсэн шаардлагыг УИХ биелүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл явж байна?

- Өчигдөр Сангийн яам, Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан. ОУВС-аас 13 заалт бүхий найруулгын чанартай зүйлүүд саналууд ирүүлсэн. Шаардлага бол биш. Саналыг сонсох ёстой. Тийм учраас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар саналыг томъёололыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд асуудлыг оруулна. Хэлэлцүүлгийн явцад зарим нэг саналууд унасан. ОУВС-аас “Бид саналаа өглөө. Энэ саналыг хүлээж авах эсэх нь Монголын төрийн асуудал” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-ОУВС-тай хийж байгааа хэлэлцээр аль шатандаа явж байна вэ?

-ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Хэрэгжих найдлага, хандлага байна. ОУВС-ын бол хөгжиж байгаа орнууд эдийн засгийн хүндрэлд орсон нөхцөлд туслах ОУ байгууллага. Ямар нэгэн улс төрийн байгууллага биш. Манай улс эдийн засгийн амаргүй нөхцөлд байгаа учраас ОУВС-нд хандсан. Хэлэлцээр боломжийн хэмжээнд үргэлжилж байна.