Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон. Энэ хуваарийн дагуу “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ амралтын өдөр буюу 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм. Харин хаврын бүсийн уралдаан энэ сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох аж. 

 

 

Хурдан морины хаврын “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болон зохион байгуулдаг ч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг.

 

Монгол Улсын Засгийн газар уг тушаалыг үл ажран хаврын уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргав. Гэтэл сүүлийн 5 жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна.

 

Тиймээс ч сар шинийн баярын өмнө Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн юм. Учир нь хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлсөөр байгааг тэд дурдсан.

 


Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ ЭЭ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна.

 

Үргэлжлэлийг эндээс