Замын цагдаагийн алба иргэдийг түгжрэл сааталгүй, аюулгүй зорчуулах зорилгоор баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаа. Сар шинийн баяраар буюу Битүүн, Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1144 дуудлага мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн осол, хэргийн шинжтэй 910 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн. Дээрх тоон мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46,9 хувиар, зам тээврийн осол 31,3 хувиар, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27,2 хувиар тус тус буурч, амь нас нь хохирсон хүний тоо 8 нэгжээр буюу 2,3 дахин өссөн судалгаа байна. Зам тээврийн осолд 9 хүүхэд өртсөн.

Замын цагдаагийн алба хаагчид баяр, амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчлийг илрүүлэн гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн.

Тухайлбал:

2017.02.26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газраас Дарханы чиглэлд H.5ton маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla маркийн автомашинтай мөргөлдөж 2 том хүн, 2 хүүхдийн амь нас хохирсон.

Мөн  2017.03.01-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд асфальтан замд М жолоочтой H.Sonata-6 маркийн автомашин онхолдож зорчигч 17 настай, Э-н амь нас хохирсон.

Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.

Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.