Нийслэлийн нэг дүүрэг, дөрвөн аймгийн 17 суманд мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

 Тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Түмэнцогт, Мөнххаан сумд, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумдад шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон.

 Мөн Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.

 Мал, амьтны гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм нь өвчний тархалтаасаа хамааран 21 хоногоос 3 сар хүртэл, түүнээс дээш хугацаагаар ч үргэлжилдэг тул өвчлөл тархсан бүс нутаг руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

 Тэр дундаа сар шинийн баярын дараа монголчуудын хамгийн их зорин очдог Алтан Овоо, Шилийн богд уул руу явах зам Сүхбаатар аймгийн хорио цээрийн дэглэмтэй байгаа дээрх сумдын нутгаар дамжин өнгөрдөг учир ойрын өдрүүдэд Алтан Овоо, Шилийн богд руу зорихгүй байхыг сануулья гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.