Тавдугаар цахилгаан станц мартагдав
Шинэ станцтай болох сураг гараад арав гаруй жилийг үдлээ. Нийслэлд дэх хүн амын нягтралшил өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Гэр хорооллын айлуудад цахилгааны хязгаарлалт хийж цахилгаангүй хэдэн цаг суух нь жирийн үзэгдэл болчихлоо.
 
Улаанбаатар утаанбаатараас шөнийнбаатарт шилжих нь энүүхэнд болоод байна. Шинээр байгуулагдаад найман сарын нүүр үзэж байгаа Засгийн газар энэ талаар одоо хүртэл ам дуугарсангүй.

Тавдугаар цахилгаан станц нь төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж байгаа анхны том төсөл. Хувийн хэвшил мөнгөө гаргаж бариад, ашиглана төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой. Хамгийн сүүлд өмнөх Засгийн газрын үед цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам сүлжээ, ус хангах шугам хоолойны зургийн судалгаа хийж байгаа. Төмөр замын байгууламжийн судалгаа удаашралтай байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байв. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус байгууламжийн ТЭЗҮ боловсруулагдаагүй л байна. “Мэргэжил”-ийн гэх Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулсангүй.

Уг нь Францын “Жи Ди Эф Суэз”, Японы томоохон худалдааны корпорац “Сожитц”, дэлхийн тэргүүлэгч гангийн үйлдвэр БНСУ-ын “Поско”, Монголын “Ньюком” групп багтсан консорциумд Тавдугаар цахилгаан станцыг хөрөнгө оруулж барих эрхийг олгосон байдаг. Ингэснээр станцын барилгын ажлыг 2017 он буюу энэ онд дуусгах төлөвлөгөөг өмнөх Засгийн газрынхан дуулгаж байсан. Гэсэн ч барилгын ажил эхлэх эхлэх тухай заасан дээрх шийдвэр шарлан үлдлээ.