Канад улсын Квебек хотноо 2017 оны 3 дугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд Олон Улсын Спорт Авиралтын Холбоо /ОУСАХ буюу IFSC ред./-ны Ерөнхий Ассамблей амжилттай зохиогдлоо.

Тус Ерөнхий Ассамблейд нийт 45 гишүүн орны холбоод оролцсон байна.

Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлөн тус холбооны тэмцээнт төрөл хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Б.Золжаргал томилогдон амжилттай оролцов.


 
Монголын Уулчдын Үндэсний Холбоо нь өдгөөгөөс 10 жилийн өмнө ОУСАХ  буюу IFSC-ны 2007 оны 1-р сарын 27-ны өдрийн Ерөнхий Ассамблейгаар тус холбоонд Аспирант /хуучин нэрээр/ гишүүнээр, одоогийн дүрмээр Дэд /Associate member/ гишүүнээр элсэж байсан түүхтэй билээ.

Монголын Уулчдын Үндэсний Холбооноос ОУСАХ буюу IFSC-нд Бүрэн эрхт /Full member/ гишүүнээр элсэх хүсэлтээ 2016 онд гаргаад байсан юм.

Тэгвэл энэ удаагийн Ерөнхий Ассамлейн хуралдаанд оролцсон гишүүн холбоодын санал нэгтэй шийдвэрээр Бүрэн эрхт гишүүн боллоо.

Квебекийн Ерөнхий Ассамблейн үйл ажиллагаанд амжилт хүсч Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Алтангэрэл мэндчилгээ ирүүлсэнийг ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга ноён Б.Тэлмүүн хуралдаанд оролцогчдод уламжлав. Элчин сайд Монгол-Канадын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар товч мэдээлэхийн сацуу ЭСЯ-ны зүгээс спортын салбарт, тухайлбал спорт авиралтын  төрөлд ач холбогдол өгч буй талаар дурьдсаныг ОУСАХ буюу IFSC-ны удирдлага,төлөөлөгчид талархан хүлээж авлаа.

 

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн бас нэг онцлог бол 4 жил тутамд зохиогддог Холбооны удирдах баг/ Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Европ, Америк, Ази, Австрали тивүүдийн зөвлөлийн Ерөнхийлөгч, хороодын дарга нар/-ийн сонгууль амжилттай болсон явдал байв. Түүнчлэн холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан, санхүүгийн гүйцэтгэл, ирэх жилийн төсөв, тивүүдийн зөвлөлүүдийн тайлан, 2020 оны Токиогийн олимп, 2018 оны Буэнос-Аэросын Залуучуудын Олимпын талаар нарийвчлан  хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.


 

Уулын спортын нэгэн төрөл болох Спорт авиралтын төрөл нь 1985 оноос эхлэн хөгжиж ирсэн залуу спортуудын нэг хэдий ч  2020 оны Токиогийн Олимпод албан ёсоор багтаж их спортын гэр бүлд багтаад байна. Өдгөө дэлхий даяар нийт 35 сая хүн энэ спортоор сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хичээллэдэг гэсэн тоо мэдээ бий.

Монголын залуучууд, тамирчдын хувьд ч гэсэн энэ төрлийн спортоор өргөнөөр хичээллэх,олон улс, Олимпийн их наадамд амжилттай оролцох үүд хаалга улам бүр нээлттэй болж байна.

 

                        Монголын Уулчдын Үндэсний Холбоо