Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял аваад байгаа Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарт холбогдох хэргийн давж  заалдах шатны шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхэллээ. Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.

 Шүүх хуралд талийгаачийн төрсөн ах С.Баяр, хохирогч С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралд оролцож байгаа бол Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ Төв аймгийн Цагдан хорих төвөөс шүүх хуралд цахим хэлбэрээр оролцож байгаа. Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар өнөөдрийн Шүүх хуралд оролцож байна.

Шүүх хуралд оролцогч талууд нээлттэй явуулах саналыг гаргасан ч энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн тул шүүх хуралдааныг хаалттайгаар үргэлжлүүлж байна. Тиймээс хохирогч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа учраас оролцох боломжгүй гэж хүсэлтээ илэрхийлж, нээлтийн дараа шүүх хуралдааныг орхисон. Шүүх хуралдаан дөнгөж сая завсарласан байна.  Тодруулбал, Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 15.00 цагт түр завсарлаж, 16.00 цагт орно. Хэлэлцүүлгийн шатандаа явж байгаад завсарлажээ. Завсарлагааны дараа шүүх хуралдаан хаалттайгаар үргэлжлэх юм.

Бид шүүх хуралдааны нээлтийн хэсгийг хүргэж байна.