2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 273 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 203 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 4, мөргөлдсөн 4 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 2 хүүхэд өртсөн.

Тухайлбал:

  1. БГД-ийн нутаг Хорооллын замд Elantra маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч 8 настай Д-г мөргөж гэмтээсэн.
  2. БЗД-ийн нутаг Цайз зам, Саруул хотхоны замд prius маркийн автомашины жолооч С нь явган зорчигч 15 настай Е-г мөргөж гэмтээсэн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор иргэд мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдүүд сургуулийн болон гэр орчмын гадна талбайд тоглох, ялангуяа бөмбөг, унадаг дугуй, роликоор тоглож байгаад зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг.

Цаг агаар дулаарч замын хальтиргаа, гулгаа арилах үеэр жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдтай явах, хурд хэтрүүлэх зөрчил гаргадаг. ТАНЫ ХҮҮХЭД ТАНЫ ТУСГАЛ- Хvvхэд том хvнийг, ялангуяа эцэг эхийгээ даган дуурайдаг. Иймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид бага насны хvvхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж,  замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байх шаардлагатай байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлд “Унадаг дугуйг 14-өөс дээш, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэж заасан байдаг. Түүнчлэн дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино гэсэн байдаг. Иймээс унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, хамгаалалтын малгайг бүрэн хэрэглэж оролцохыг зөвлөж байна.