-Энэ удаагийн сонгуульд эрх бүхий гурван намын нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадалгүй, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулах магадлал өндөр юм-


Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэглэсэн тохиолдол Монголын улс төрийн түүхэнд үгүй ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ийм нөхцөл байдал үүсч магадгүй болжээ. МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдох уу, Ардчилсан намын нэр дэвшигч ялалт байгуулах уу гэдэгт чухал нөлөө үзүүлэх МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр чухамдаа дээрх хуулийн заалтыг анх удаа хэрэглэх “магадлал”-ыг бий болгохоор шийдэв үү.
Түүх сөхөхөд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч 50.23 хувийн саналаар ялалт байгуулахад МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын авсан 6.5 хувийн санал шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байдаг. Н.Удвалд саналаа өгсөн 6.5 хувь бол МАН-аас нэр дэвшигчид очих байсан санал гэж үзэх үндэстэй юм. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшигч Н.Энхбаярсонгогчдын 47.44 хувийн саналыг авч байсан бол 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хамаагүй бага буюу 41.97 хувийн саналыг л авсан байдаг.МАХН-ын нэр дэвшигч МАН-ын саналыг хуваасан бодит үнэн энд байна.
Харин энэ жилийн сонгуульд Н.Энхбаяр хүслээ гүйцээж нэр дэвшиж чадвал лав Н.Удвалын авсан саналаас хэдэн хувь, магадгүй хэд дахин илүү хувийн санал авч ч мэдэх юм. Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг ээлжлэн хашсан улстөрч тэрбээр энэ амжилтаа ахиулахын тулд, нэг бүдрээд дахин төрийн өндөрлөгт гарсан хүн хэмээгдэхийн төлөө зүтгэж байгаа тухай хэвлэлүүд мэр сэр дуугарсаар байгаа нь үнэний ортой аж. Өнгөрсөн онд болсон парламентын сонгуулиас хойш таг чиг байсан МАХН сүүлийн үед гэнэт хэл орж байгаа нь ч үүнийг батална. Н.Энхбаярын шадар туслагчдын нэг З.Баянсэлэнгэ “Манай намаас С.Ганбаатар л биш шүү” гэж зарим нэг цуу яриаг үгүйсгэсэн бол МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж “Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ” гэж мэдэгдэв. Нэг үгээр бол Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр санаархаж буйг албан ёсоор зарлачихаж байгаа хэрэг юм.Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн бол МАХН-д парламентын суудал авчирсан О.Баасанхүү яаж тэлчлээд ч нэмэргүй болов уу.
Тэрчлэн МАХН Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх төсөл боловсруулснаа ч зарлалаа. Ерөнхийлөгчийн засаглал тогтоох Үндсэн хуулийн төсөл сугавчилсан Н.Энхбаярын харж байгаа зүг нь Ерөнхийлөгчийн суудал бололтой. Хал үзэж халуун чулуу долоосон улстөрч Н.Энхбаяр нэр дэвшигч болж хувирах нь дээр дурдсанчлан МАН-д аюултай учир эрх баригчид түүнийг зүгээр хараад суух эсэх бас ч эргэлзээтэй.
Саяхан даа, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдын суудал авах шахсан Н.Энхбаярыг төрд оруулахгүй гэж төрийн аппаратын зарим хэсэг зогсолтгүй ажиллаж байхад зарим нь түүний төлөө хүчээ шавхан ажилласныг эргэн санавал энэ байдал дахин давтагдахгүй гэж газаргүй. Энэхүү хүнд хүчир, хүч шавхсан тулааны цаана амжилттай гарч чадвал МАН, АН-аас нэр дэвшигчидтэй цуг Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэсэн үг. Сонгуульд олонхийн санал гэдэг маань 50+1 гэсэн дүрмээр тооцогдоно.
Хаанаас нь ч харсан АН-ын нэр дэвшигчид ашигтай хувилбар боловч Н.Энхбаярт бололцоо авчирсан О.Баасанхүү өөр намд элсчихвэл яах вэ гэх нэг “бодлого” бий. Юутай ч нийтлэлийн эхэнд дурдсанчлан энэ удаагийн сонгуульд эрх бүхий гурван намын нэр дэвшигчийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадалгүй, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дараагийн шатны санал хураалтыг зохион байгуулах магадлал өндөр юм.

Эх сурвалж: