Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын дүнг хүлээж цаг алддаг үе өнгөрч байна. Шалгалтын хуудсаа бөглөөд, тэр даруйдаа засагч машинд уншуулж дүнгээ харах боломжтой болох нь. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

-Өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулсан “ЭЕШ-2017” нээлттэй өдөрлөгийн талаар тодруулмаар байна. Ямар зорилготой үйл ажиллагаа болж өнгөрөв?

-Жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40 мянга орчим шалгуулагчид ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчин ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “ШИЛЭН ТЕХНОЛОГИ”  нэвтрүүлэх ажлаа танилцуулсан өдөрлөг болж өнгөрлөө. Тодруулбал шалгуулагч шалгалтаа өгч дуусмагц, шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө засагч машинд засч, дүнг шуудмэдээлнэ. Өөрөөр хэлбэл шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруй мэддэг болно гэсэн үг. Тэгээд зогсохгүй эцэг эх, багш нар ч шалгалт авах, засах, дүнг мэдээлэх бүх процессыг интернэтээр шууд хянах боломжтой болно. Өдөрлөгт 7000 орчим шалгуулагчид оролцож, ЭЕШ-ын тест бөглөж, тэр даруйдаа засагч машинд уншуулан хариугаа мэдэж авлаа. Оролцсон шалгуулагчид, эцэг эхчүүд бидний санаачлан нэвтрүүлсэн энэ үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан.

-Өмнөх жилүүдэд хэдий хугацааны дараа хариуг мэдээлдэг байсан бэ?

-Орон даяар ЭЕШ-ыг нэгдсэн журмаар авч эхэлснээс хойш 12 дахь жилдээ болж байна. Улсын хэмжээнд нийт 50 төвлөрсөн цэгт ЭЕШ зохион байгуулдаг. Ерөнхийдөө дөрвөн шаттай үйл ажиллагаа л даа. Нэгдүгээрт, тодорхой хугацаа зааж бүртгэл явуулдаг. Хоёрдугаарт, шалгалт авах процесс явагдана. Гуравт, шалгалтын хуудсыг улс орны өнцөг булан бүрээс татан төвлөрүүлдэг. Эцэст нь шалгалтаас хойш 14 хоногийн дараа дүнг нийтэд мэдээлдэг байлаа. Хөдөө орон нутгаас ЭЕШ-ын материалыг нэг цэгт татан төвлөрүүлж нэгдсэн журмаар засдаг процесс нь ийм урт хугацаа зарцуулдаг юм.

-14 хоног зарцуулдаг байсан ажлыг шалгалт өгсөн даруйд нь мэдээлдэг болно гэхээр нэг л итгэл төрөхгүй юм. Та үүнийг яагаад санаачлах болов, үр дүнд хүрнэ гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Би IT салбарын хүн. Боловсролын салбарт программ хангамжийн чиглэлээр олон жил ажилласан. Өнөөдөр интернэт ашиглан дэлхийн өнцөг булан бүрт хүрч, үйл ажиллагаагаа шуурхай, ил тод явуулахыг байгууллага бүр эрмэлзэж, энэ чиглэлээр амжилт гаргасаар байна. Би энэ ажлыг аваад гурван сар болж байна. Мэргэжлийн үүднээс хариуцсан салбартаа шинэчлэл хийж, шинэ технологи нэвтрүүлж, төрийн албыг илүү шуурхай, шударга, ил тод, нээлттэй, хамгийн гол нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд таашаагдахаар зохион байгуулах боломжийг эрэлхийлж байгаа юм. Өнөөдөр жирийн нэг фэйсбүүк хэрэглэгч шууд бичлэг хийж өөрийн хүссэн мэдээллээ түгээж чадаж байхад, улсын хэмжээнд жилдээ ганц явуулдаг ЭЕШ-ыг онлайнаар шууд хянаж, тэр дор нь засч дүнг мэдээлэх боломжтой.

-Өнгөрсөн сонгуулийн дүн хоёр цагийн дотор л бараг бүх газраас ирсэнтэй адилхан гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. ЭЕШ авах 50 цэгт камер байршуулж шууд дамжуулна. Тэгэхээр эцэг эх, багш нар интернэт ашиглан хүүхдээ шалгалтаа өгч байгааг, дуусаад засагч машинд уншуулаад, хариу дүнтэйгээ танилцаж байгаа гээд бүх процессыг хянах боломжтой болох юм. Нийт ЭЕШ өгсөн сурагчдын дүнг эрэмблэн жагсааж өгнө.

-Тэгэхээр урд нь гардаг байсан “дүнг нь ахиулаад засчихсан”, “муу өгсөн хүүхэд дээшээ орж ирлээ” гэх мэт хэл ам оргүй арилах нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хүүхэд нь шалгалтаа өгчихсөн. 14 хоногийн турш хэрхэн өгснийг нь мэдэх боломжгүй хүлээж суугаа эцэг эхчүүд, шалгуулагчид элдэв таамаг яриагаар л хачирлаж суух нь аргагүй шүү дээ. Одоо бол нүдэн дээр тэр дор нь хариу нь гараад ирэхээр энэ мэт яриа үүсэх ямар ч боломжгүй болох юм.

-Хүүхдийн амьдралд хөл тавих анхны алхам болсон ЭЕШ ингэж шударга, ил тод нээлттэй болно гэдэг маш том сайн үйл юм. Таны санаачлагыг холбогдох яамныхан, удирдлагууд чинь хэрхэн хүлээж авсан бэ. Энэ ажил дэмжигдэж үйл хэрэг болно гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Итгэлтэй байлгүй яахав. Боловсролын сайд, газрын дарга нар энэ санаачлагыг минь бүрэн дэмжиж байгаа.

-ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ ЭЕШ болоход 3 сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна, энэ жил амжих болов уу?

-ЭЕШ-ыг шууд засах энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхэд технологийн шийдэл, хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал. ЭЕШ авдаг 50 шалгалтын төвд засагч машин байршуулахаас эхлээд техник технологийн маш олон ажил хийгдэнэ. Энэ жилийн төсөвт хөрөнгө мөнгөний асуудал суугаагүй учраас 100 хувь нэвтрүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ жилдээ дотоод нөөц бололцоогоо ашиглан 21 аймаг 9 дүүргийн 50 шалгалтын төвөөс сонголт хийн цөөн тооны аймаг, дүүргийг сонгон шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх “ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-ийг нэвтрүүлнэ. Ирэх жилээс ЭЕШ-ыг 100 хувь шилэн технологиор шийдэхээр төлөвлөсөн байгаа.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.