2016-2017 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө.

Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.

Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гарц нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх юм. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэдний эзэмшиж буй мэргэжил, түүний чанар, залуучуудын хандлага болон хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг судлан үзэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна. Иймд МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.6-д тусгагдсаны дагуу Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа учир Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Тус аян 4-р сарын 3-ний өдрөөс эхлэн Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн 18 ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 2000 гаруй сурагч хамрагдсан юм.

Өнөөдрөөс “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян Сонгинохайрхан дүүргийн төгсөх ангийн сурагчдад хүрэх юм. Аяны үйл ажиллагааг дэмжин УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгөн хамтран ажиллаж байна.

Аяны хүрээнд "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" лекцийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас танилцуулахаас гадна Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн сургагч багш нар мэргэжлээ сонгох талаар ганцаарчилсан зөвлөмжийг ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд үнэ төлбөргүйгээр өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн төгсөгчдөд ирээдүйд оюутан болсон үед нь шаардагдах мэдээлэл буюу Боловсролын зээлийн сангийн "Оюутны хөгжлийн зээл", Эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамрагдах, татварын хөнгөлөлт хэрхэн эдлэх зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг багтаасан гарын авлагыг сурагч нэг бүрт тарааж байгаа юм.