Гадны банкууд орж ирээд л араас нь тус улсын тагнуулууд манайх руу цувж эхлэх юм гэнэ. Айдас хүргэм байгаа биз. Гэвч тийм зүйл гэж юу байх вэ дээ. Манай улс чинь өөрийн гэсэн тагнуулын байгууллагатай, хууль хүчинтэй шүү дээ.

Нөгөө нарийн царигтай төмөр зам тавьчихвал Хятадууд танкаа оруулаад ирнэ гэж сүржигнээд байсантай л агаар нэг үлгэр юм.

 

Тэгэхээр гадны банкыг дагаж, тагнуулууд орж ирнэ гэсэн мэдээллийг хэн цацаад байгаа нь ойлгомжтой болж байгаа биз. Өнөөдөр үйлчилгээний зориулалттай банкууд бүгд төрийн байгууллага шиг, хөрөнгийн бирж шиг үйл ажиллагаа явуулж, харилцагч иргэдийг үл тоомсорлож, тэдний эрх ашгийг уландаа гишгэж байна. Уг нь шударгаар өрсөлдөж, зээлийн хүүгээрээ үйлчлүүлэгчидээ татаж, найрсаг харилцаа, уян хатан бодлогоороо үйлчлүүлэгчиддээ хүндэл үзүүлэх ёстой байтал манайд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд бүгд эвлэлдэн нэгдэж, иргэдийг үл тоомсорлож, зээлийн хүүгээ үгсэн нэмж, шимтгэл хураамжаар торгож, хохироосоор л байна.

 Үүнийг таслан зогсоох, дэг журманд оруулах, шударгаар өрсөлддөг болгоход гадны банк л чухал үүрэгтэй. Маш бага хүүтэй нэг банк орж ирэхэд харилцагчаа алдахгүйн тулд манай банкууд хөдөлгөөнд орохоос аргагүйд хүрнэ.

 Нөгөө иргэдийн хадгаламжаар үнэт цаас худалдаж аваад л сууж байдаг банкууд иргэд, харилцагчиддаа жинхэнэ утгаараа үйлчилгээ үзүүлж эхлэх юм. Хэрвээ тэгэж чадахгүй бол гадны банканд харилцагчаа алдахаас яах вэ дээ.

 

Монгол банк болоод Сангийн яаманд хэд хэдэн гадны банк үйл ажиллагаагаа явуулах хүсэлтээ илэрхийлчихсэн байгаа. Үнэндээ тэд ажиллаж эхлэх нь өнөө, маргаашийн асуудал болчихоод байгаа юм. Ингэснээр монополь болж, дур зоргоороо аашилж байсан арилжааны банкуудын эрх ямба хумигдах нь ойлгомжтой. Тиймээс л өөрийн идэх талхаа булаалгахгүйн тулд "Гадаадын банкыг дагаж, тагнуулууд орж ирнэ” гэсэн үлгэр зохиогоод түүнийгээ олон нийтэд тараад яваа юм болов уу даа. Ингэж байхаар шударгаар өрсөлдөөд, харилцагчаа татах, тэднийгээ хүндэтгэх үйл ажиллагаанд шилжиж байсан нь дээргүй юу, Айн?

 

Шар хүү