БОАЖ-ын сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар мөнгөн усыг химийн хорт, аюултай бодисын тоонд хамруулсан байдаг. Тэгвэл сүүлийн үед уг аюулт бодисыг хууль бусаар тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ.

Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр “ОХУ-д 1950 онд үйлдвэрлэсэн Зил хөргөгч, индүү, хөндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна. Эдгээр эд зүйлс дотор улаан мөнгөн ус агуулагддаг бөгөөд Хятад улсын иргэд өндөр үнээр худалдаж авна” гэх иргэдийг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэл цацагдаж эхэлжээ. Үүний улмаас зарим иргэд энэхүү худал мэдээлэлд итгэж, хохирсон тохиолдол ч гарсан талаар Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мөн мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэн борлуулахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Эрүүгийн тухай хуульд энэ  төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдэд хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 3-6 сар хүртэлх хугацаанд баривчлах, 25 жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэх зэрэг арга хэмжээ авахаар заасан байдаг байна.