Д.Эрдэнэбат: Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтэй байна
2017/04/27
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийх юм. Үүнтэй холбоотойгоор хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Зөрчлийн хуулиар зургаан гэмт хэргийн шинжтэй асуудал оруулж ирсэн. Зөрчил дээр ажлын хэсгээс баривчилгааны тухай асуудлыг оруулж ирсэн. Иргэний болон хүний эрхийн ноцтой зөрчих буюу хуулийн дарангуйлалын шинжтэй заалтууд орж ирж байгаад нийгэм эмзэглэж байгаа. Орж ирж байгаа заалтуудын 50 гаруй хувь нь найруулгын хувьд өөрчлөгдөж, үг хэллэгийн хувьд ойлгомжгүй зүйл их орж ирлээ. Зөрчил гаргасан хэнийг ч болов дурын нэгэн хэн нэгэн байцаагч, түшмэл дураараа торгох эрх нь нээгдэж байгаа зэрэг ноцтой зүйлүүд их гарч байна. Тиймээс бид энэ хуулийг энэ удаад хэлэлцэхгүй хойшлуулах хэрэгтэй гэж харж байна. Уг хуулиа татаж аваад, эргэж нэг харах хэрэгтэй. Зөрчлийн тухай хууль чинь иргэний эрхийг хамгаалахаасаа илүү торгууль, шийтгэлээр иргэдийн халаасыг ухаж байна. Сүүлдээ бүр төсвийнхөө цоорхойг нөхөх нэг арга нь өндөр хэмжээний торгууль тавьж, төсөвт оруулдаг болох нь байна. Би энэ саналыг хэлэлцүүлэг дээр хэлсэн. Гэтэл зарим гишүүд “торгуулийн хэмжээ их байвал төсөвт их мөнгө орно шүү дээ” гэж байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй. Тиймээс би энэ хуулиа түр хойшлуулаач гэж УИХ-ын даргаас хүсч байна.” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Лу.Болд “Д.Эрдэнэбат гишүүний саналыг дэмжиж байна. Сүүлийн үед эрдэмтэд их гомдол гаргаж байна. Маш олон асуудлыг яриад, хэлээд байхад огтоос чихгүй юм шиг хууль сахиулах байгууллагуудын болоод тодорхой эрх мэдэлтнүүдийн сонирхолоор энэ хуулийн бүх үйл ажиллагаа явчихлаа. Зөрчлийн хууль бүхэлдээ хүний эрхийн талаар маш том ухралтыг хийж байна. НҮБ-ын хүний эрхийн гишүүнээр сонгогдчихсон байгаа Монгол Улсын хувьд маш хохиролтой буруу шийдвэр гарах гэж байна. Тиймээс УИХ-ын гишүүд үүнийг сайтар бодож, тунгаах шаардлагатай байна.
УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан саналаар санал хураалгав. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх хугацааг гурав хоногоор сунгах түүний санал гишүүдийн 49 хувийн саналыг авч уналаа. Тиймээс нийгмийн бухимдуулаад байгаа Зөрчлийн хуулийг энэ хэвээр нь хэлэлцэх болж байна.