Элэгний вирусын эсрэг хамтдаа Эрүүл амьдрал буюу Live+R төслийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үеэр СХД-ийн 6-р хорооны 320 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан элэгний вирусийн үнэгүй шинжилгээ болон бүртгэлийн ажлыг эхлүүлжээ.

Тус төслийг JCI Лидер байгууллагаас санаачлан нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээнд хэрэгжүүлэх юм. Дээрх дүүргүүд нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь нийгмийн эмзэг бүлэг төдийгүй хавсарсан, хоёрдогч, халдварт болон халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэг юм.  Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгснөөр тэдний эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлж хавсарсан бэрхшээлтэй болох эрсдэл болон өвчлөл, нас баралтыг бууруулах ач холбогдолтой юм.

Төсөл эрсдэлгүй амьдрал, итгэл дүүрэн ирээдүй уриатайгаар 2017-2020 оны хооронд хэрэгжих юм. Төслийг JCI Лидер салбар байгууллагаас санаачилсан ба санхүүжилтийг JCI Монгол байгууллагын гишүүдийн сайн дурын хандиваар бүрдүүлжээ. Энэ талаар тус байгууллагын 2017 оны ерөнхийлөгч С.Мөнхдэлгэрээс тодруулахад: JCI олон улсын байгууллага бол Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-д зөвлөх эрхтэй залуучуудын төрийн бус байгууллага юм. Манай улсад 1992 онд JCI Монгол байгууллага байгуулагдаж өнөөдрийг хүртэл нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм. Мөн өнгөрсөн 3 жилд НЗДТГ-тай хамтран “Инээмсэглэх монгол” хөтөлбөр, Эерэг сэтгэлгээний давалгаа буюу Positive mind төсөл, “Эзэнтэй мод” төсөл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах JCI Garden зэрэг олон арван төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсний нэг нь өнөөдрийн “Live+R” төсөл юм. Эдгээр нийгэмд чиглэсэн ажлуудыг хамтдаа бүтээлцэж байдаг нийт гишүүддээ талархал илэрхийлье гэлээ.

Мөн 15, 30, 45, 60 насанд В вирусийн эсрэг дархлаа тогтцыг шалган давтан вакцинжуулалтыг улсын вакцинжуулалтын товлолтонд оруулж өгөх гээд томоохон үр дүнг зорилгоо болгон энэхүү төслийг эхлүүлж байгаа юм байна. Мөн төслийн хугацаанд иргэдрүү чиглэсэн шат дараалалтай халдварт болон халдварт бус өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад манай оронд нийт хүн амын 110.3 мянга буюу дунджаар 4 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 56.9 мянга нь эрчүүд, 53.4 мянга нь эмэгтэйчүүд байдаг юм. Түүнчлэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд насны ангиллаар авч үзэхэд 16-60 насны 81045  хүн байгаа нь ид хөдөлмөрийн насныхан.

 

Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа зэрэг нь хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсээс илүү өвчлөл, ядууралд өртөх шалтгаан нь болж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийт хүн амаас доогуур түвшинд эрүүл мэндийн тусламж авч байгаа нь баримтаар нотлогдох нь ихсэж байна. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, нөхцөл байдлаас шалтгаалаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоёрдогч хүндрэл, хавсарсан өвчлөл, мөн насжилттай холбоотой нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж чадахгүй, илүү эмзэг байдалд ордог талаар ДЭМБ-ын тайланд дурджээ.  Тухайлбал Сонгинохайрхан дүүрэг тархалтаараа хамгийн өндөр буюу 10.5 мянган хүн (дүүргийн нийт хүн амын 4 хувь), амьжиргааны түвшин харилцан адилгүй байдаг өрхүүдтэй Хан-Уул дүүрэгт 4.0  мянган хүн (дүүргийн нийт хүн амын 3 хувь), гэр хороолол багатай, амьжиргааны түвшин харьцангуй дээгүүр байдаг Сүхбаатар дүүрэгт 2,3 мянган (дүүргийн нийт хүн амын 2 хувь)  хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус тус оршин суудаг байна.