Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх асуудал сүүлийн өдрүүдэд идэвхтэй яригдаж байна.

Үүнээс гадна тэрээр сүүлийн үед гуравдагч хүчний шинэ төвлөрөл бий болгохыг зорих болжээ. Учир нь УИХ-ын 2012 оны сонгуульд улс төрийн зохион байгуулалт, менежментийн туршлага, мэдрэмж сайтай М.Энхсайхан, Н.Батцэрэг нараас бүрдсэн МҮАН, Г.Уянга, Д.Батцогт, Л.Цог, С.Жавхлан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхний дэмжлэгийг авсан учраас л Н.Энхбаярын нам, эвсэл сонгуульд амжилттай оролцож байсан билээ. Харин мэдрэмж муутай МАХН-ын зарим улс төрчид УИХ-ын 2012 оны сонгуулийг дүнг гагцхүү Н.Энхбаяр гэх хувь хүний нэр хүндтэй л холбож тайлбарлах нь бий. Тэгвэл энэ удаад хэн хэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотон болж буй нь улс төрийн хүрээнийхний гайхлыг төрүүлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, нэгэн цагт үл ойлголцоод намаас нь гарч байсан УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, мөн л С.Ганбаатартай муудалцаад салсан ХҮН-ынхан, Монгол суу ухаан судлаач  З.Бат-Отгон нар түүнтэй хамтрах болсон аж. Энэ сарын 4-нд МАХН-аас зохион байгуулах Бүх Ард Түмний Үндэсний Хуралдай гэгчийг МАХН-тай "Соён гэгээрүүлэгч" телевиз, З.Бат-Отгоны "Монгол суу ухаан, Манокул академи", "Газарчин" дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Э.Сарнай