Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас бардаг. Сэтгэл гутрах эмгэгийн үр дагавар нь АМИА ХОРЛОЛТ болдог.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У: “Сэтгэл гутрал бол нийтлэг эмгэг. Дэлхийн хүн амын 4  хувь нь сэтгэл гутрах эмгэгээр өвчилсөн байдаг. Сүүлийн 10 жилд энэ эмгэгийн тоо 18 хувиар өссөн байна. Шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлтөөс гадна эдийн засгийн асуудалтай холбоотой юм. Сэтгэл гутрал нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй хэнд ч тохиолдож болно. Хамгийн гол нь төрөөс энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Сэтгэл гутрах эмгэгийн эсрэг оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргээд 4 ам.доллар болж өсдөг гэсэн тооцоо байдаг.  Учир нь сэтгэл гутралгүй эрүүл хүн ам улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг”  гэдгийг хэлж байв.

Үүн дээрээс нэмж сэтгэл эмзэглүүлэм баримт дурьдах юм бол:  СЭМҮТ болон цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2014 онд 10-19 насны 53 хүүхэд амиа хорлосон байна. НЭМҮТ-өөс сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийхэд 4 хүүхэд тутмын нэг нь энэ талаар бодож байсан, 10 хүүхэд тутмын нэг нь ийм оролдлого хийж байсан гэсэн үр дүн гарсан.

Удаан хугацаанд сэтгэл гутарсан хүн амиа хорлодог. Сүүлийн үед амиа хорлолт нэмэгдэх хандлагатай болж байгаа. Энэ нь нийгмйин сэтгэл зүй “хямрамтгай” болсонтой шууд хамааралтай.

Өчигдөр л гэхэд хоёр хүн гэрийнхээ тооноос уяагаар боож амиа хорлосон байна. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо Дунд Дарь-Эхэд суух  Б /эмэгтэй 32 настай/ гэрийнхээ тоононоос уяагаар боож нас барсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэс  шалгаж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд суух Ч /эрэгтэй 28 настай/ гэрийнхээ тоононоос давуугаар боож нас барсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III  хэлтэс шалгаж байна.

Нийгмийн сэтгэл зүй ийм үед Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн бодлого гаргаж, шат дараатай олон ажил хийх учиртай. Гэвч салбарын сайд нь энд тэнд хэдэн машин хүлээж авахаас өөрийг хийхгүй байна. Салбарын идээ бээрийг мэдсэн ч мэдээгүй юм шиг энэ байж талаар бичсэн сэтгүүлчид руу хэвлэлийн албаны хэдэн бүсгүйгээрээ залгуулж байх жишээтэй.  Харин өөрө Төрийн ордонд эмний хэрүүл хийж чанга чанга орилж байх.

Уг нь эмний хэрүүл хийж,  салбартаа хоноцын сэтгэлээр хандмааргүй байгаа юм. Ядаж л амиа хорлолт их байгаатай холбогдуулан нэгдсэн хөтөлбөр, шат дараатай арга хэмжээнүүд аваад эхлэх юм бол амиа хорлолт тодорхой хэмжээгээр буурах учиртай. Бодлого гаргахэрх үүрэг нь байсаар байхад нэгийг бодож олныг хийх цаг болсныг бодоорой.

А.Баярмаа