2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой тохиож байна. Мөн 2017 оныг тус дүүргээс Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дүүргийнхээ иргэд, хүүхэд залуучуудын авьяас чадварыг хөгжүүлж, эрүүл мэндийг дэмжих зорилгоор олон бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь өсвөр үеийн аварга шалгаруулах “Спорт явган аялал”-ын тэмцээн юм.Энэ удаагийн тэмцээнийг Монголын спорт аяллын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлттэй хэлбэрээр бусад дүүргийн хүүхэд залуучуудтай өрсөлдөх боломжийг олгосноороо онцлог болж байна. Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 9 сургуулийн 9 баг, Баянзүрх дүүргийн 6 сургуулийн 7 баг, Баянгол дүүргийн өсвөрийн шигшээ баг, Хан-Уул дүүргээс 1 баг нийт 20 гаруй багийн 200 гаруй өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагчид оролцож байна. Тэмцээн 2 өдрийн турш үргэлжилнэ.

“Спорт явган аялал”-ын тэмцээний ач холбогдол нь хүүхэд багачуудын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлж, амьдрах ухаанд сургах, байгаль орчноо хайрлах, танин мэдэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд оршиж байна.