Монгол Улс бүх нийтээр мод тарих үндэсний өдөртөө болсноос хойш найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд 10 сая гаруй мод суулгасан байх юм. 10 мянга ч биш 10 сая гаруй мод гээд боддоо. Ингээд бодохоор нийслэл хот маань аль хэдийнэ модондоо дарагдчихсан, багахан хэмжээний ойн төгөл дундах хот болчихсон байхаар. Гэвч монголчууд мод тарих үндэсний өдрөө “мод суулгах” үндэсний өдөр гээд ойлгочихсон гэхэд хатуудахгүй.

Тиймээс л “тарьсан” 10 гаруй сая мод нь одоо болтол нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа хэрэг. Арга ч үгүй биз. Суулгачихаад дараа нь арчилж , ургуулахгүй байгаа юм чинь. Үүнийг дагаад мод тарих нэрийдлээр бусдын ухаж бэлтгэсэн нүхэнд мод суулгачихаад түүнийгээ “Би мод тарьсан. Буян хийсэн” хэмээн зураг, хөргөө авахуулан шоу хийгчид ч олширчээ.

Ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд энэ төрлийн үйл ажиллагаанд оролцож, нэг мод суулгаснаа мод тариад ургуулчихсан хүн шиг санаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж, шоу хийх юм. Ингээд хэлэхээр “Ард иргэдийг мод тарих үйлсэд уриалахын тулд” хэмээн өөрсдийгөө зөвтгөж, алдаагаа хаацайлах биз. Гэхдээ та нар ажлаа хангалттай сайн хийлээ. Ард иргэд бүгд л мод тарихыг хичээж, суулгадаг болсон. Одоо харин шоугаа багасгаад суулгасан модоо өөрсдөө чадахгүй юм гэхэд мэргэжлийн хүнд нь мөнгийг нь өгөөд ургуулахын төлөө ажилламаар байгаа юм.

“Мод тарих нь нэг өдөр тарьж, мянган өдөр арчилахын нэр юм” гэдэг үг байдаг шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс даяар үндэсний мод тарих өдөр тохиолоо. Энэхүү өдрөө үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн нь ч хүн бүхний нүдэнд ил. Цахим ертөнцөд чих тавихад мод тариагүй хүн үгүй юм байх аа.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 мод тарилаа.  Баянзүрхчүүд 1379 мод тарьсан л сурагтай. Олимпийн баг тамирчдын эхлүүлсэн төсөлд 1000 мод тарьсан л гэнэ. Дээрх гуравхан жишээнээс харахад, манай улсын мод 4379-өөр нэмэгдлээ. Мөн элчин сайдуудыг мод тарихад уриалж, цөлжилтийн эсрэг тэднийг нэгтгэж чадсан нь хамгийн чихэнд чимэгтэй мэдээлэл байв.

 

үргэлжлэлийг эндээс