Монголчууд бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль хаяалаад ирчихжээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж тодорхойлогддог, хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш ч бүх ард түмнийхээ саналаар сонгогддог учраас нэр хүнд, нөлөө сүр нь их байдаг тэр албан тушаалтныг сар гаруйхны дараа болох сонгуулиар тодруулах цаг ирээд байна.

Намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ нягтлан шалгаж, зөрчил байвал засах хугацаа өгч буй хуулинд заасан үйл явц өрнөж байна. Яг энэ цаг хугацаанд нийгмийн дунд хамгийн их өрнөж байгаа сэдэв бол нэр дэвшигчдийг хооронд нь бодлогоор нь өрсөлдүүлж, тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцүүлэх ёстой гэсэн  санаачилга юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анхлан дуугарч, сошиалд “Монгол төрийн тэргүүнийг сонгох сонгууль ойртож, нэр дэвшигчид тодорлоо. Нэр дэвших сургаар л ээлжилж муулсаар хэвлэл мэдээлэл, цахим ертөнц тэр чигтээ хар. Уг нь улс төрийн намууд Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудлуудыг дор хаяж гурван үе шаттай мэтгэлцээн зохион байгуулж гарц шийдлийг ярилцах ёстой юмсан” гээд Хүний хөгжил, нийгмийн бодлого, гадаад бодлого аюулгүй байдал, эдийн засгийн бодлого, засаглалын эрх мэдлийн тэнцвэр, засаг захиргааны нэгж, үндэсний дотоод гадаад дүр төрх, түүх өв соёл, сайн засаглал, хариуцлага зэрэг олон сэдвийг 18-хан хоногт ярьж, ганц удаа мэтгэлцсэн болдог улс орон  цөөхөн хэмээн шүүмжилсэн байсан. Тэрбээр хэвлэл мэдээлэл, бодлогын судалгааны хүрээлэн, иргэний нийгмийн байгууллага,  их дээд сургуулиуд, улстөрчид үүнийг хамтдаа шахаж шинэ соёл тогтоох учиртай гэж онцолсон нь олонд хүрч, уриалга нь нэлээд газар аваад байна.



Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч, цахим ертөнцөд ч иргэд төрийн тэргүүн болох хүмүүс маань юуг бодож, юун дээр анхаарч, ямар асуудал ямар байр суурьтайг мэдэж байж сонголтоо хийхийг хүсч байна гэж илэрхийлэх болжээ. Нэр дэвшигчдээ бид улстөрчийнх нь хувьд ямар замналтай, ямар үг хэлж, ямар үйл хийдэг гэдгийг нь ерөнхийдөө гадарлах ч, гадаад улс оронд Монгол Улсаа төлөөлдөг тэргүүн дипломатч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалд очих хүнийхээ хувьд яг ямар болохыг нь мэдэхгүй. Одоо хэн хэний фракц, хэн намдаа сайн хөлтэй гэдгээр улстөрчийг тодорхойлдог биш хэн ямар бодлого ярьдаг, хүний хөгжил, нийгмийн бодлогод ямар байр суурьтай байдаг, эдийн засгийн баримжаа нь ямар, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын хувьд хэрхэн зовниж ажиллах хүн бэ гэдгийг мэдэх нь чухал байна.

Нэр дэвшигчийн үнэмлэхийг сонгууль болохоос 30 хоногийн өмнө гардуулна гэсэн хуулийн заалтаар энэ сарын 17-нд үнэмлэхийг нь гардуулснаар ил, далд сурталчилгаа бүгд зогсоно. Тэгээд сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 8-наас эхлээд ердөө 18 хоног үргэлжлэх болж байгаа юм. Уудам тал нутагтаа тархан суурьшсан гурван сая монголчууддаа нам, намын ганц ганц нэр дэвшигчид маань хорь хүрэхгүй хоногийн хугацаанд хэрхэн яаж очиж уулзах вэ. Ёстой аймаг бүрээр орж, төв театрт нь бэлтгэсэн намынхаа хүмүүстээ уулзалт хийсэн болж, гар бариад л дуусна. 

Тэр төрийн тэргүүн болоод юу хийхээр төлөвлөж байгаа, түүний бодлого ямар байх талаар бодоод ч хэрэггүй. Аз таарч үзсэн сайлсан муулсан хэдэн нэвтрүүлгээр л сонголтоо хийх болчихоод байгаа юм. Тиймээс улс төрд бугшсан уламжлалыг сөрж, бодлого ярьж гарч ирж байгаа залуу гишүүний санаачилгыг маш олон хүн дэмжиж байна. Нийгэмд зөв бодолтой, эрүүл үзэл санаатай гэсэн тэр энэ нам гэлтгүй олон хүн мэтгэлцээнийг дэмжиж, “Мэтгэлцүүлье” гэсэн чэллэнж буюу уриалга ихээр тархжээ.

Улс төрд шинэ соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж олон хүн үзэж байна. Нөгөө талаас мэтгэлцээн бол иргэдийн мэдэх эрх, сонгох эрхийг хүндэтгэсэн хэрэг гэдгийг олон хүн хэлж байна. Эрүүл залуучууд, өөрсдөдөө хүндэтгэлтэй ханддаг сонгогчдын энэхүү уриалга бүр хөдөлгөөн болж өргөжөөд байгаа ч дуулдаж байна. Нэр нөлөө бүхийн улстөрчид ч дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Сонгууль бол бодлогын өрсөлдөөн болохоос сэтгэл огшоож нулимс дуслуулсан нэвтрүүлэг хийлгэх биш, эсвэл нэгийгээ газар дор ортол муулсан хар пиар явуулахын нэр биш. 



Манайд мэтгэлцээн байдаггүй биш байдаг ч жинхэнэ утгаараа явж байсангүй. Анх 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд П.Очирбат, Л.Түдэв нар халз мэтгэлцээнд орж байлаа. Тэр цагаас хойш ямар нэг байдлаар мэтгэлцээн нэртэйгээр явж ирсэн ч жинхэнэ мэтгэлцээний зарчмаар явж байсангүй. Уг нь эхэн үедээ тэр зарчмыг барих гэж хичээж байсан ч хэнийх нь үеэс ч юм бэ дээ, бүгд нэг адил асуултад хариулж асуулт хариултын сонин ярилцлага шиг болчихсон юм. Бодвол аль нэгэн Ерөнхийлөгч дахин нэр дэвших үедээ тэгж үүрэгдсэн биз ээ. 

Мэтгэлцээний дараа хүмүүст шинэ мэдээлэл юу ч ирдэггүй, зөвхөн адилхан асуулт тавьж, хугацаандаа адгасан сэтгүүлч нарыг л шүүмжлээд өнгөрдөг болсоор удлаа. Мэтгэлцээн гэчихээд мэтгэлцэж байгаа юу ч байхгүй учраас сэтгэл дундуур үлдсэн сонгогчид сэтгүүлчийг нь буруутгахаас өөр аргагүй үлддэг байв. Гэтэл тэдэнд энэ хүнийг сонговол тухайн асуудалд хэрхэн хандах вэ гэдгийг мэдэхийг хүссэн асар их хүлээлт байдаг юм. Дэлхийн улс орнуудын 60-аас дээш хувь мэтгэлцээний зарчмаар иргэдийнхээ сонгох эрхийг мэдэх эрхтэй нь хүндэтгэдэг. Харин манайд энэ байдал огтхон ч алга. Тухайн нэр дэвшигчийн нийгмийн бодлого нь ямар байх вэ гэдгээс иргэдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарах юм, хөдөлмөр эрхлэлтийг юу гэж бодож байна, ажилгүйдэл, иргэдийнхээ насжилтыг нэмэгдүүлэхэд яах юм гээд олон зүйлийг ойлгож болдог. Нэг сэдэв нь ингэж олон задарч байхад бид ганцхан удаа болдог мэтгэлцээн нэртэй ярилцлагад итгэх үндэс байхгүй. Нийгмийн бодлого ийм байх ёстой гэсэн хуурай асуулт хариултын оронд “Таны тооцоо буруу байна. Минийхээр бол ийм” гээд бодлогоор мэтгэлцэх тийм өрсөлдөөнийг иргэд харж, улмаар сонголтоо хийхийг хүсч байна.

Эдийн засгийн хүрээнд гэхэд уул уурхай дээр ямар бодлого барих юм, маргаад байгаа Эрдэнэтийн асуудалд хэрхэн хандах, дундаж иргэдийнхээ амьдралыг яаж өөрчлөх бүр хар тамхины эсрэг бодлого нь ямар байх хүн бэ гээд мэдэхийг хүсч байгаа зүйлс зөндөө байна. Хууль эрх зүй, шударга ёсыг тогтоохын тулд яах юм, төрийн албыг хэрхэн шударга хараат бус байлгах, авлигыг яаж багасгах, төрийн тэргүүний хувьд өв соёлоо хэрхэн хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн байдлын төлөө ямар бодлого барьж ажиллах гээд мэдмээр байгаа зүйл зөндөө. Нэг биш нэлээд хэдэн мэтгэлцээн хийж байж доторлохгүй гэхэд гадарлахтайгаа болно.



БНСУ-д гэхэд сая зургаан цуврал мэтгэлцээний дараа Ерөнхийлөгчөө тодруулж байх жишээтэй. Харин манайхан ядаж гурвыг зохион байгуулья гэж хүсч байна. Тэгэхгүй бол хуучнаараа асуулт хариултаар явуулбал сонгогчдын эрэлтийг хангахгүй.Цаашлаад аль намын хүн дарга нь байгаагаас шалтгаалаад асуулт нь задардаг гээд явган яриа зөндөө. Тиймээс бүр үүнийг шинэ шатанд гаргаж, хэд хэдэн телевизээр тодорхой зөвлөл үүсгэж жинхэнэ утгаар нь мэтгэлцээн явуулах хэрэгтэй. Мэтгэлцээнээс иргэд хэнд итгэх вэ гэдгээ сонгодог. 

1960 оны есдүгээр сарын 26-ны тэр нэгэн өдөр Чикагогийн телевизийн студи руу АНУ-ын дэд ерөнхийлөгч Ричард Никсон орж байхдаа өөрийгөө дараагийн ерөнхийлөгч болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан гэдэг. Танигдсан, нэр хүнд өндөр. Бас рейтинг хамаагүй өндөр байсан учир тийм итгэлтэй байсан хэрэг. Гэвч телевиз хүмүүсийн хэрэглээ болж, анхны телевизээр гарсан тэр мэтгэлцээн сонгуулийн үр дүнг өөрчилсөн юм. Хэдийгээр залуу сенатор Жон Кениди айя контакт буюу нүдээрээ үзэгчидтэй харилцаа тогтоож, залуу сайхан төрх нь хөгшин Никсоноос давуу байсан гэж үздэг ч түүний өөртөө итгэлтэй, асуудлаа итгэлтэй ярьж байсан нь нөлөөлсөн байж таарна. Мөн энэхүү түүхэн мэтгэлцээнийг радиогоор явсан бол Никсон ялах байсан, телевизээр явсан учраас Кенниди ялсан хэмээн ярилцдаг ч мэтгэлцээн ямар чухлыг харуулах түүх болж үлджээ. 

Мэтгэлцээн хувь хүнийг тодотгон харуулдаг нь намын тогтолцоог эвдэх сул талтай гэж ярьдаг. Үүний нэг жишээ бол саяхан болж өнгөрсөн Францын Ерөнхийлөгчийн сонгууль. Ердөө 39 настай, жижиг намын нэр дэвшигч Э.Макрон Францын Ерөнхийлөгч болж чадсан нь мэтгэлцээний сул тал мэт боловч том намууд хувь хүчтэй нэр дэвшигчийг өрсөлдүүлэх эрх нь нээлттэй шүү дээ. Бас мэтгэлцээн сонголтод нөлөөлсөн нэг сонгууль бол 1992 оны Жорж Буш, Билл Клинтон нарын өрсөлдөөн билээ. Асуултадаа дүйцэх хариулт өгч чадаагүй өөр юм ярьс гээд дүйвүүлсэн Жорж Бушийг сандалдаа ч сууж амжаагүй байхад Билл Клинтон чөлөөтэй алхлан үзэгчид рүү дөхөн ирж нэгэн эмэгтэйгээс “Би үүнтэй хамааралтай нэг асуулт асууя л даа. Чиний эргэн тойронд орон гэргүй болсон хүн байдаг уу” гэж асуугаад тийм гэсэн хариултынхаа дараа үргэлжүүлэн ярьж, өөрийгөө амьдралд ямар ойр, ажилгүй болсон, орон гэрээ алдсан хүмүүсийн ахуйн нөхцлийг хэр сайн мэддэг гэдгээ баталж чадсан юм. Эцэг Бушийн цаг руугаа хяламхийн харж байгаа нь камерт үлдэж, харин Билл Клинтон энэ мэтгэлцээнээр ялалтаа авчихсан гэж болно. 



Мөн Картер, Рейган нарын мэтгэлцээн, жүжигчин хүний биеийн хэлэмж наашлаад Хиллари Трамп нарын мэтгэлцээн Рейганаас хуулбарласан арга техник гээд мэтгэлцээний эх орон АНУ-ын түүхээс олныг ярьж болно. Манайд ч гэсэн 2008 оны УИХ-ын сонгуульд намын дарга нарын мэтгэлцээний үеэр С.Баяр, Ц.Элбэгдорж нарын ёжтой үгс, биеийн хэлэмж олон зүйлийг хэлж байсан. Гэхдээ манайд бодлогоор мэтгэлцдэг байдал төлөвшиж ирсэнгүй. Тиймээс үүнийг ард иргэд мэдэх эрхийнхээ төлөө, сонголтоо зөв хийхийнхээ төлөө нэхэж байна. Тэгээд ч энэ удаагийн сонгууль онцлогтой байгаа. 

Үнэнийг хэлэхэд нэр дэвшигчдийн рейтинг аль аль нь 20 хувьд хүрэхгүй байгаа. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль хүчинтэй болохын тулд нэр дэвшигч сонгуульд оролцогчдын 50 хувиас дээш саналыг авах ёстой. Ядаж байхад нэрмээс гэгчээр эдийн засаг ийм байхад дараагийн шатны сонгуулийг зохион байгуулах хөрөнгө мөнгө нь ч хаа билээ. Тиймээс сонгогчдодоо нэр дэвшигчдээ таньж мэдэж, сайн чанар давуу талыг нь мэдэн сонгуульдаа ирц хангалттай оролцуулах талаасаа ч мэтгэлцээн чухал. Энэ бол улс төрийн том соёл. Энэ соёлыг нутагшуулж, хэвшүүлэхийн төлөө хамтдаа дуугарч, цугтаа хэрэгжүүлье. 

Э.ЭНЭРЭЛ

www.shuum.mn