Т.ДАЛАЙ

УИХ өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ. 1600 орчим зөрчлийг дээрх хуулиар зохицуулахаар болсон бөгөөд ирэх долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжинэ. Зөрчлийн хамгийн бага торгууль нь 10 мянган төгрөг бол хамгийн дээд торгууль 100 сая төгрөг байна.  Хуульд заасан онцлог заалтуудаас олон нийтэд илүү хамааралтай найман заалтыг онцлон хүргэж байна.

Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин улаан гэрлээр гарвал явган зорчигч 25 мянган  төгрөгөөр торгуулна. Харин гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20 мянган төгрөгийн торгууль төлөх юм. Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлбэл 50 мянган төгрөгөөр торгуулах бол замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцлөөр урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна. Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно. Авто зам, замын байгууламжийг эвдэж, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгоно.

 

Олон нийтийн газар үйлчлүүлэхдээ иргэдийн амар тайван байдал алдагдуулж, агсам согтуу тавих, эд хөрөнгийг нь сүйтгэвэл танхайрсан гэх зүйчлэлээр баривчилна. Мөн халаасны хулгай хийвэл, гэр бүлийнхнээ айлган сүрдүүлж дарамталбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчлах шийтгэл ногдуулна. Баривчлах хугацаа 7-30 хоног байна.

Зөрчлийн хуульд хамгийн дээд торгуулийг 100 сая төгрөгөөр тогтоосон юм. Энэхүү торгууль нь Банкны тухай хууль юм.  Тухайлбал, Банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл шахалт дарамт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ нь иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн үг юм.

Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол 10 мянган төгрөгөөр торгоно. Одоо үйлчилж байгаа журмаар 1000-5000 төгрөгийн торгууль ногдуулж байна.

Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж талбайд бие зассан, эсхүл нус цэр, тамхины иш, хог хаясан бол иргэнийг 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж тухайн иргэнийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж:www.polit.mn