Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй эдийн засаг, Үндсэн хуулийн өөрчлөлт болон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах зорилгоор ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон.  Энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц байхгүй байсан уу, бидэнд?

-Монгол Улс улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хүнд нөхцөлд байна. Энэ хүндрэл юунаас болсон бэ гэх гол шалтгааныг нь зөв дүгнэж чадвал яаж гарах вэ гэдэг зам нь тодорхой болно. Засгийн газраас зөвхөн гал унтраах зорилготойгоор ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж, хамтарч ажиллахаар тохирч байх шиг байна. Энэ хөтөлбөр  түр зуур гал унтраахаас, цаашид Монголын эдийн засгийг найдвартай, тогтвортой өсөлт хөгжлийн замд оруулж чадахгүй. ОУВС-тай тохиролцоо хийхийн тулд хэд хэдэн хүнд нөхцөл тулгарч байна.

Тухайлбал, эрх баригчид өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэнд өгсөн амлалтынхаа эсрэг үйл ажиллагаа явууллаа. Энэ нь  долоон төрлийн  татвар нэмэх, тэтгэврийн нас нэмсэн явдлууд байлаа. Нөгөө талдаа ОУВС  хөндлөнгийн этгээд буюу “Рио Тинто” компанийн эрх ашгийг хамгаалж, эвгүй араншин гаргалаа. Монголын төр гаднын компанийн шахалтаар гаргасан шийдвэрээ долоо хоногийн дотор өөрчилж байгаа нь улс төрийн түүхэнд гарч байгаагүй алхам. ОУВС-ийн хөтөлбөрийг зөв хэрэгжүүлж чадвал хэсэг хугацаанд амьсгаа авах боломж олгоно. Гэхдээ хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа эхний ээлжийн санхүүжилт болох 400 сая ам.долларыг зөвхөн төсвийн алдагдалд зарцуулж байгаа нь харамсалтай. Гадаадаас авсан зээлийг өөрсдөдөө хуваарилж байна л гэсэн үг. Сая 2017 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ төр эхлээд өөрөөсөө хэмнэлт хийх ёстой байсан юм. Тэгэхээр Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарах зөв оношоо тавьж чадахгүй бас гарах замаа олохгүй байна л гэж харж байна.

-Монгол Улс ОУВС-тай дөрвөн ч удаа  хамтарч ажилласан. Монгол Улс эдийн засаг хүндэрсэн үед ихэвчлэн гадныхантай хамтрах, зээл, тусламж авах гэх мэтээр аргацааж ирсэн. Бид өөрсдөө эдийн засгаа урт хугацаанд тогтвортой байлгах зөв бодлого тодорхойлох чадамжгүй байна уу, эсвэл?

-Эдийн засгаа урт хугацаанд тогтвортой байлгах хэд хэдэн гол зүйл бий.

Нэгд, Монголын эдийн засаг бол ядуу эдийн засаг биш. Гурван сая хүнтэй улс зургаан тэрбум ам.долларын экспорт хийж байна гэдэг бол боломжийн эдийн засаг.

Монголын эдийн засаг 30 хувийн хуримтлалтай, жилд долоон хувийн өсөлттэй байна гэдэг нь өөрийгөө аваад явах чадамжтай гэсэн үг. Энэ эдийн засгийг арчаагүй байдалд хүргэж байгаа үндсэн хэдэн зүйл бий. Тухайлбал, сүүлийн 12 жил буюу гурван удаагийн сонгуулиар Монголын эдийн засгийг улс төрийн барьцаанд тавьж, хий хоосон амлалтаар хэрэглээний нийгмийн сэтгэхүйгээр эдийн засагтаа хандаж ирсэн нь эдийн засагт асар их дарамт учруулж, нийгмийнхээ амьдралыг тэтгэж чадахгүйд хүрсэн. Хоёрт, эрх баригчдын хүрээнд улс орныхоо эдийн засгийн бүтээх чадвар, бодит өсөлтийн боломжоос илүү баяжих, үрэх хүсэл давамгайлсан, үр ашиггүй хөрөнгө оруулалтаар мөнгө угаадаг байдал бий болсон. Өөрөөр хэлбэл, дуусаагүй барилгад хөрөнгө оруулах, зам барих зэрэг үр ашиггүй зүйлд төсвийн мөнгө, зээлээ шингээж, мөнгө угааж байна гэсэн үг.

Гурав дахь асуудал нь банкны тогтолцоо. Монголын банкны тогтолцоо эдийн засгийн шим шүүсийг сорох, мөнгө хүүлэх системийн үүрэг гүйцэтгэж байна.

Банкны зээлийн хүү жилийн 24 хувь байхад энэ хэмжээнд хүрч ажиллах аж ахуйн нэгж байна гэдэг хэцүү шүү дээ. Энэ нь инфляцыг хөөрөгдөж, тэсч үлдэх байдалд орсон.

Монгол төрийн бодлогод гарсан нэг том гажуудал бол уул уурхайг дагаж хөгжинө, баяжна гэсэн ойлголт. Энэ нь эдийн засгаа маш эрсдэлтэй байдалд оруулсан.  Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр үргэлж хэлбэлзэж байдаг.

Уул уурхайгаас болж түүхий эд гаргах байдлаар явж ирсэн, гадаад зах зээлийн хэлбэлзэлд цохиулж ирсэн. Уул уурхайн салбар бол жижиг үйлдвэртэй адил нийгэмд үр ашиг нь шимэгдэж очдог салбар биш юм. Жишээлбэл, “Рио Тинто” Монголд маш том үйлдвэр барьсан, түүнийх нь үр шимийг монголчууд бид биш “Рио Тинто” өөрөө л хүртэж байна. Монголчууд чадан ядан гэрээнд тусгасан ашгаа л авч байна. Дэлхийн том компаниуд жижиг буурай улс орнуудыг мөлжих шинэ колончлол явуулж байна. Хариуд нь Монголын төр алга тоссон хэдэн авлигачдаа урдаас нь тавьж, гэрээ хийсэн болж, улс орноо хохироож байна. “Рио Тинто” компанитай найман жилийн өмнө гэрээ байгуулсан. Тэр үед энэ гэрээний заалтуудыг яагаад хараагүй юм бэ. Мэдэхгүй биш бүгд мэдэж байсан, тиймээс ч энэ гэрээг баталсан. Энэ бүхэн бол эдийн засгийг тогтворжуулахад зайлшгүй анхаарч байх асуудлууд юм.

 

 

 

 

 

-Эдийн засаг хямралтай үед л том төслүүдээ хөдөлгөе гэдэг зүйлийг маш их ярьдаг. Гэвч тодорхой үр дүнд хүрсэн нь бага. Яг одоогийн нөхцөлд том төслүүдээ хөдөлгөх гарц, боломж байна уу?

-Монголд байгалийн баялгаа цөлмөж амьдрах сэтгэхүй эртнээс улбаатай л даа.  Бид хямралыг өөрсдөө бий болгож, түүнээс гарахын тулд гадныхнаас зээл тусламж авна гээд гүйдэг архаг өвчтэй. Уул уурхайн баялаг бий, тэр нь ч гадныхны шүлсийг гоожуулсаар байгаа. Өмнө нь “Рио Тинто”, “Шинхуа”-тай хийсэн шиг  гэрээ хийвэл Монгол дахиад хоосон хоцорно. Үүнийг өдөөж, турхирдаг бүхэн бүтэн давхарга Монголд бий болсон. Тухайлбал, гаднын гар хөл болдог түшмэдийн давхарга, гадныхны уурганд орсон улстөрчид, мэдээллийн хэрэгсэл гэх мэт бүлэг бий болсон байна.  Бид гагцхүү гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол дээр нь дөрөөлж, зөв гэрээгээ хийгээд явбал том төслүүдээ хөдөлгөх боломж бий.

-Та эрх баригчдын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-МАН зүүний ардчилсан социалист үзэлтэй зүүний нам гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэтэл сонгуулиас сонгуулийн хооронд явуулж ирсэн МАН-ын бодлого нь либерал балчигт шигдсэн гэдгээ харуулсаар ирсэн. МАН өөрийн зөв бодлогоор төр барьж байгаа юм биш. Үүний шалтгаан нь сүүлийн гурван бүрэн эрхийн хугацаанд АН, МАН хоёр хоёулаа хамтарч, нэг хөнжилд нэгдэж байгаад Монголыг ийм байдалд хүргэсэнтэй холбоотой.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эрх баригчид эрчимтэй оруулж ирж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага тулгарч байгаа гэж та үздэг үү?

-1992 онд социализмын тогтолцоо нурж унахад бид сонголт хийхдээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зорино гэсэн. Гэтэл одоо явж байгаа нийгэм олигарх засаглалтай, капитализм, шинэ колончлолын урхинд унасан орон болж хувирлаа. Энэ нөхцөлд бид яагаад энэ замд оров, яаж гарах вэ гэдгээ тодорхойлохын тулд Үндсэн хуулиа зайлшгүй эргэж харах шаардлага бол бий. Одоогийн 76 хүнтэй төрийн эрх барих дээд байгууллагад намаар дамжин төрийн суудлыг худалдаж авсан нөхөд олонх болсон тогтолцоогоо өөрчлөх үү гэдгийг бодох хэрэгтэй.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж байгаа хүмүүс бол одоогийн тогтолцоо нь авлигачдын диваажин гэдгийг сайн мэдсэн хүмүүс л байгаа. Тиймээс л хамгаалаад байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөхдөө төрийн эрх мэдлийг ард түмэнд өгч, төрийн эрх мэдлийг ард түмний хяналтад оруулах хэрэгтэй. Хөндлөнгийн нүдээр харахад Монгол төрийн задрал маш эрчимтэй явагдаж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төрийн институциуд нь бүгд өөр тийшээ харчихсан байдалтай байсан.

-Одоогийн тогтолцоо нь авлигачдын диваажин юм бол бидний хүсч байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН хийж чадах болов уу, тийм итгэл байна уу танд?

-Өөрчлөлт хийх үү, үгүй юу гэж олон түмнээс асуугаад, түүнийг нь далимдуулж олигарх төр өөрт ашигтайгаар төрийн эргэлт хийх, гуйвуулах гэвэл буруу. Улсынхаа Ерөнхийлөгчийг сонгодог Монголын ард түмний эрхийг булааж авна гэвэл олигархиудын гарт төрийг өгч байгаа эргэлт юм. Нөгөө талдаа бид улс төрийн намууд гэсэн бүтэцтэй олон жил явж ирсэн. Нам үзэл бодлоороо өрсөлдөж, уралдаж, олон түмний итгэлийг авах ёстой. Гэтэл одоо төрийн суудал, УИХ-ын гишүүний суудал, жижиг даргын ч суудлыг худалдаж байна. Ийм байдалтай явж болохгүй л дээ.

 

 

 

 

 

-УИХ-ын сонгуулийн дараа АН дотоод асуудалдаа илүү их анхаарах болж. АН-ын дотоод шинэчлэл, өөрчлөлтийг та юу гэж харж байна. АН дотооддоо л бужигнаад байхаас сөрөг хүчний ажлаа хийхгүй байна гэж шүүмжлэх хүмүүс ч байна?

-АН зохион байгуулалтын талаас маш их зүйл хийж байна. Нам бол улсаа ингэж авч явна, ийм замаар хөгжүүлнэ гэж үзлээ тодорхойлж, тэр үзлийг нь дэмжсэн хүмүүс намын гишүүд байдаг. Гэтэл АН 2006 оноос хойш, ялангуяа 2008 оны сонгуулиас хойш МАН-тай хамтарч, либерал үзлийн хамгийн завхарсан, ялзарсан замаар явж ирсэн.

АН үзлээ шинэчлэлгүйгээр гишүүд, бүтцээ шинэчиллээ. Монголд авангард намын тогтолцоо дахин шинээр эхэлж байна. Үүний эхлэлийг Ардчилсан нам тавьлаа. МАН-аас дээр гэж байгаа юм биш, МАН бол гишүүдээ дансаар харьяалсан, үзэл баримтлалгүй нам. АН намын даргаа болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ гишүүдээсээ сонгосон нь дэвшил, шинэ хэлбэр юм. Үндсэн хуулийн анхны хувилбараар бол сонгуульд олонхийн суудал авсан намын дарга нь Ерөнхий сайд болохын тулд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д оруулж ирнэ гэж заасан байгаа. Гэтэл сүүлийн үед намын дарга нь Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болдог, УИХ-ын даргаасаа Ерөнхийлөгч болно гэдэг буруу жишиг хоёр ч парламентын үед бий болголоо. Монголын улс төрийн тогтолцоонд гарч байгаа хувьсал юу руу явж байна вэ гэдгийг харж, дүгнэх хэрэгтэй.

-Одоо мэдээж улс төрийн хамгийн халуун сэдэв бол Ерөнхийлөгчийн сонгууль болж таарч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Нэр дэвшигчдийн хувьд нэг л шалгуур байх ёстой. Миний хувьд төрд зүтгэх хүнийг үзэл баримтлал, үйл, хүсэл гэсэн гурван шалгуураар дүгнэдэг.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын 2016 оны сонгуулиар ард түмэнд өгсөн амлалт биелээгүй. Сонгуульд оролцохдоо мэргэжлийн Засгийн газар байгуулна, ард түмний амьдралыг сайжруулна гэсэн амлалтынхаа эсрэг шийдвэр гаргасан.

Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга бол сайд, УИХ-ын гишүүн байсан АН-ын жирийн нэг гишүүн. Гэхдээ Монголоо үндэсний үнэт зүйлдээ тулгуурлаж авч явна гэсэн үзэлтэй хүн шиг санагддаг. Энэ хүний сонгуульд оролцох багаа яаж бүрдүүлэхээс бүх зүйл шалтгаална. Монголд бизнес эрхэлж байгаа хүмүүс дотор хуулийн цоорхойг эрээгүй хүн байхгүй, аль ч нийгмийн үед энэ асуудал байсан. Тэр талаасаа Х.Баттулга бол нохойтож л явсан байх. Гэхдээ Х.Баттулга бизнесмэн хүний хувьд олсон зүйлээ Монголынхоо ард түмний төлөө зарцуулдаг, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн.

Төрийн тэргүүн Монголынхоо төлөө гэсэн  сэтгэлтэй л байх хэрэгтэй. Монголын төлөө сэтгэл байхгүй бол хичнээн өндөр боловсролтой байгаад нэмэр байхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Ш.ЧИМЭГ

news.mn